77110949, 85820949, 85720949/клиник/,   +976-99030063/фарм/  

М.Түмэннасан: Мэс засал эхэндээ урлаг байсан, харин одоо бизнес болж...

Түмээ эмчийн ажлын өрөөний хананд өлгөөстэй нэгэн уран зураг нүднээ содон туслаа. “Энэ ямар гоё зураг вэ” хэмээхэд тэрбээр “Энэ зургийг Б. Бадрал гэдэг зураач залууд би захиалан зуруулсан юм. Энэ зураг бол мэс засалд орж буй хүүхдийн эцэг эх, гэр бүлийнхэнд зориулсан зураг. Хэдийгээр хагалгааны өмнө тэдэнд хэцүү байж, яг л энэ бүүдгэр бараан өнгө шиг санагдаж болох ч, мэс засал амжилттай болж бүх зүйл сайхан болно гэдгийг энэхүү маргааш нь мандах нараар төлөөлүүлж байгаа юм” гэлээ. Манайхан тэнгэрийн хаяаг хараад маргааш сайхан өдөр болох нь гэдэг шүү дээ, үүн шиг хагалгааны дараа бүх юм сайхан болно гэдгийг бэлэгшээсэн зураг юм л даа хэмээн тэрбээр уран зургийг тайлбарлан хэлэхэд эмч хүмүүст байдаг бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлийг түүний өрөөнд өлгөөстэй энэхүү зургаас харах шиг боллоо...

Монгол Улсын Төрийн шагналт, хүүхдийн мэс засалч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор М.Түмэннасантай ярилцлаа.

- Бид тэр үед маш олон хагалгааг Монголд шинээр хийж эхэлсэн

-“Хагалгаа хийгдэж байна” гэсэн хаягтай хаалганы гадна хайртай хүнийхээ халуун амь насыг эмчийн гарт даатгасан гэр бүлийнхэн хагалгаа үргэлжлэх хугацаанд зүрх даран, цаг мөчийг тоолон сууж байдаг. Ингэхдээ тэд хагалгаа хийсэн эмчийг гарч ирэхийг л хүлээдэг. Харин хагалгаа дуусаад гарч явах эмч хүний тэр сэтгэгдэл таны мэргэжлийн торгон, эмзэг мөчүүдийн нэг байдаг байх тийм үү?

-Хагалгаа хийсэн эмчийг тухайн өвчтөний гэр бүлийнхний маш олон нүд харж байдаг. Энэ тал дээр миний өөрийн баримталдаг нэг зүйл бий. Би хагалгаа хийж дуусаад гарахдаа инээмсэглэж гарах дуртай. Тэр коридороор алхахад бүгд намайг харж байгаа шүү дээ. Тэд харж байхад би хагалгаанд хамт орсон эмч нартайгаа инээмсэглээд, тайван чөлөөтэй гарахаар аав ээж нарын царай ч сайхан болоод ирдэг. Учир нь би тэдэнд үгээрээ биш үйл хөдлөлөөрөө хагалгаа амжилттай болсныг хамгийн түрүүнд мэдрүүлэх ёстой. Аль болох ядарснаа, хөлсөө үзүүлэхгүй, маш эрч хүчтэй, хийсэн хагалгаандаа өөрөө сэтгэл хангалуун гарч ирдэг. Хэдий ядарч байгаа ч гэсэн эцэг, эхчүүдийг хүндлэх ёстой. Би хагалгаанаас ингэж л гарч ирэх дуртай.

 

-Та мэргэжлийн өндөр ёс зүйтэй мэс засалч хүн байна шүү.

-Би залуу эмч нартаа ч энэ тухай хэлдэг. “Шилэн хаалганы цаанаас та нарыг маш олон нүд харж байна. Тэгэхэд та бүгд ядарсан сонин дүр төрхтэй хагалгаанаас гарч ирж харагдах ёсгүй" гэж тэдэнд хэлдэг. Учиргүй инээж хөхрөөд байх нь ч юу юм бэ. Гэхдээ хоорондоо юм ярьж, эрч хүчтэй, инээмсэглэн гарч ирэхэд ээж, аав нар баярлана шүү дээ.

 

-Төрийн шагналыг  тухайн салбартаа шинэ санааг гарган дэвшүүлж, түүнийгээ батласан эрдэм шинжилгээний ажил болоод томоохон хэмжээний бүтээлд өгдөг. Тиймээс таны Төрийн шагнал авсан бүтээл бол Монголын анагаах ухааны салбарт шинэ зүйлийг нэвтрүүлсэн ажил байж таарна. Энэхүү бүтээлийн тань талаар сонирхож болох уу?

-1988 онд сургуулиа төгсч ирээд арван жил ажиллаад 35 насандаа төрийн шагналыг хүртсэн би их азтай хүн. Ингэхдээ шинжлэх ухааны чиглэлд бидний хамтын бүтээл маань багтсан. Тухайн үед 35 насандаа шинжлэх ухааны чиглэлээр Төрийн шагнал хүртсэн хүн байгаагүй. Одоо бол байгаа байх. “Шинжлэх ухааны чиглэлээр Төрийн шагнал хүртсэн хамгийн залуу эмч" гэж сонин дээр бичигдэн ярилцлага өгч байснаа санаж байна. Энэ бол миний сайных биш. Миний багш болоод хамт олны сайных. Миний багш Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, профессор Д.Авирмэд гэж хүн бий. Д.Авирмэд эмч биднийг зааж, сургаж, хурцалж байсан. Монголын хүүхдийн мэс заслыг хөгжүүлэхийн тулд биднийг удирдан ажилласан. Хүмүүс хүнд өвчтэй хүүхдээ аваад Орос руу явж том хагалгаа хийлгэдэг байсан. Хүүхдийн улаан хоолойноос авахуулаад хошного хүртэлх хоол боловсруулах тогтолцооны  янз бүрийн гаж хөгжилтэй хүүхдүүд дээр бид ажилласан. Улаан хоолой нь битүүрсэн байвал тэр хүүхэд хоол идэж чадахгүй. Эхийнхээ сүүг хөхөж чадахгүй хүүхдүүдийг амьдруулах хэрэгтэй болно гэсэн үг. Ийм гажигтай төрсөн хүүхдүүд гадаадад эдгэрч байхад Монголд нас бардаг байсан. Жишээлбэл, төрөлхийн хошного нь битүү, цөсний суваг нь битүү төрсөн хүүхдийг гадаадад төгс хагалгаа хийж эдгэрүүлж байхад Монголд хагалгааны үр дүн тун тааруу байлаа. Тэгээд л бид 1990-ээд оны эхээр өмнөө том зорилго тавьж энэ төрлийн эмгэгтэй, хүнд хэлбэрийн гаж хөгжилтэй хүүхдүүдийг амьдруулах мэс заслыг хийхээр болсон. Мэдээж бидний зорилго Төрийн шагнал хүртэхийн төлөө биш байсан. Мэргэжлийнхээ арга барилыг дараагийн төвшин рүү, дэлхийн хэмжээнд ойртуулах зорилгыг Д.Авирмэд багш маань дэвшүүлж бид нэг баг болон маш олон хагалгааг Монголд анх удаа шинээр хийж эхэлсэн дээ. Ном, сэтгүүлээ цуглуулж уншаад ийм байж болох юм байна хэмээн хийж байсан. 1990-1998 он бол Монголын хүүхдийн мэс заслын хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлэх гэж тэмүүлсэн үе. Одоо бодоход ардчилсан хувьсгалтай цаг үе тохирч байгаа нь нийгмийн тэр том өөрчлөлт нөлөөлсөн байх.

-Харин таны докторын ажлын тухайд?

-Тухайн үед Оросоос орж ирдэг цууны хүчлийг хүүхдүүд санамсаргүйгээр уугаад улаан хоолойгоо түлсэн тохиолдол их гарч байв. Хөдөө орон нутагт бол мотоциклоо цэнэглэдэг акумляторын хүчил буюу хүхрийн хүчлийг хүүхдүүд санамсаргүй ууна. Эрүүл саруул хүүхдийн улаан хоолой нь юу ч үгүй түлэгдээд хоол идэж чадахаа больсон байх нь маш хэцүү. Бид эдгээр хүүхдүүдийн гүн түлэгдэж битүүрсэн улаан хоолойг бүдүүн гэдэснийх нь хэсгээр орлуулж мэс засал хийж эхэлсэн. Улаан хоолой нь түлэгдсэн хүүхэд сүүлдээ шүлсээ ч залгиж чадахаа байчихдаг. Энэ асуудлыг Монголд шийдэх анхны хагалгааг Д.Авирмэд багш бид нар хүүхдэд 1990 онд анх хийсэн. Би нэг залууг тодхон санаж байна. Улаан хоолой нь түлэгдсэний улмаас зөвхөн шингэн зүйлээр хооллож, бүхэл хоол огт зажилж идэхгүй учраас бүх шүднүүд нь өмөрч унаад нэг ч шүдгүй болчихсон байсан. Тэр залууг хоол идэж чаддаг болгохын тулд өөр эрхтэнээр нь орлуулахаас өөр аргагүй. Тиймээс бид улаан хоолойг нь бүдүүн гэдэсний хэсгээр нь орлуулж хагалгааг амжилттай хийснээр залуу маань хоол идэх аз жаргалыг мэдэрсэн дээ.  Дараа нь би энэ чиглэлээр судалгааны ажил хийж 1998 онд дэд докторын зэрэг хамгаалсан.

Багийн маань олон арга, аргачлал томоохон хагалгаанууд, үүнд дээр миний дэд докторын бүтээл нэмэгдэж бидний 6 эмчийг Эх нялхсын төвөөс Төрийн шагналд тодорхойлох болж тэгээд л бид Төрийн шагналтнууд болцгоосон түүхтэй. 35 настай залуу Төрийн шагнал хүртэх эмч нарын багийн бүрэлдэхүүнд багтаад Академийн хурлаар орох болсон. Тэр хурлаар намайг “хэтэрхий залуу байна” гээд Төрийн шагналаас хасч байсан гэдэг.  Академич Н.Гэндэнжамц, Б.Гоош багш гэж агуу, мундаг багш нар байлаа. Тэрхүү хоёр багш маань намайг “Энэ залуугийн докторын ажил бол Төрийн шагналын бүтээлийн чухал хэсэг нь байгаа юм. Тиймээс энэ залууг багт авч үлдэхгүй бол болохгүй” гэж хэлээд намайг авч үлдсэн байдаг. Шинжлэх ухааны салбарт залуудаа том зүйлийг хийх нь төвөгтэй юм шиг байгаа юм. Тэр үед бид том зорилго тавьж, хүчтэй ажиллаж байсан. Бид маш олон гаж хөгжлүүдийг Монголд анх удаа амьдруулсан. Одоо тэдгээр хүүхдүүд нь том залуус болоод эрүүл саруул, сайн сайхан явж байна. Өнөөдөр тэрхүү бидний эхлүүлсэн хагалгааг амжилттай үргэлжлүүлээд явж буй арав гаруй залуу эмч нар Эх нялхсын төвд ажиллаж байна.

- Мэс засалч эмчийн гарт тухайн хүний халуун амь нас нь байдаг гэдэг утгаараа танд шинэ хагалгаа, урьд нь Монголд хийгдэж байгаагүй хагалгаа даа гэж бодохоос мэс заслын ширээний өмнө айдас төрөх үе  байв уу?

-Анх хийгдэж байгаа хагалгаа гэдэг утгаараа айдас байдаг л юм.

-Тэгвэл ямар тохиолдолд өөртөө итгэлтэй болдог вэ?

Би анх удаа хийх гэж буй хагалгааныхаа талаар урьдчилан уншаад өөртөө эхлээд боловсруулна. Дараа нь тухайн хагалгааг яаж хийх вэ гэж толгойндоо бодно. Орой унтахдаа ч дахиад л эхнээс нь ой ухаандаа төсөөлнө. Тархи толгойдоо хагалгаагаа урьдчилаад хийчихсэн мэс заслын эмч гараараа хийхэд амархан. Мэс засалч эмчийн алдаа үүнтэй холбоотой ч байж болох юм. Аливаа хагалгааг зөвхөн гараараа хийх гээд байдаг. Алтан гартай эмч гэж ярьдаг. Үгүй юм. Авираа эмч “Мэс заслын эмч алтан гартай бус алтан тархитай байх ёстой” гэж хэлдэг. “Алтан тархи” гэдэг нь эхлээд оюун ухаандаа тэр хагалгааг хийх ёстойг хэлж байгаа хэрэг.  Би одоо ч хагалгааг яг л ингэж хийдэг. Томоохон хагалгаанд орохоос өмнө зохих материалуудыг уншина, харна, бичлэг үзнэ. Дараа нь түүнийгээ бясалгаж бодоод унтана. Өглөө босоод ажилдаа ирэх хүртлээ дахиад өнөөх хагалгаагаа дахин эхнээс нь бодож, бясалгана.

Би өөртөө хагалгаа хийлгэж байсан. Мөн дотны хүмүүсдээ ч би өөрөө хагалгаа хийж байлаа. “Хүн өөр дээрээ тулаад ирэхээр өөр” гэж ярьдаг. Тиймээс хүний хүүхдэд ялгаагүй хагалгааг хийхдээ яг л тийм мэдрэмжтэйгээр хийхгүй бол болдоггүй. Яг л өөрийн хүүхдэд, эсвэл өөртөө хийлгэх гэж байгаа юм шиг сэтгэж хийх хэрэгтэй. Учир нь тэр хүүхдийн аав, ээж нь надад зуун хувь итгэсэн байгаа шүү дээ. Ар гэрийнхэн нь эмчид ингэж итгэсэн байхад эмч зуун хувь бэлэн биш байдалтайгаар хагалгааг хийж болохгүй. Тиймээс би эхлээд оюун ухаандаа хагалгаагаа хийдэг.

-Мэс заслын эмчийг хагалгааны үед ямар байх ёстой, тэрхүү ёс суртахууны талаар ярьж болох уу?

-Мэс заслын эмч нарыг бүргэдийн нүдтэй, шонхорын зоригтой байх ёстой гэх зэргээр ярьдаг л юм. Мэс засал эхэндээ урлаг байсан. Дараа нь шинжлэх ухаан болсон. Харин одоо бол бизнес болжээ. Нэгэнт бизнес болсон учраас эмчийн үнэр, мөс чанар, ёс суртахуун зарим эмч нараас үнэртэхгүй байгаа юм шиг санагдаж бухидах үе байдаг. Мэс засалч хүний хамгийн гол шинж чанар бол тухайн айл гэрийн итгэлийг алдаж болохгүйгээр өөрийгөө бэлдэх явдал юм.  Мөн мэс засалч хүн маш их зүйл уншиж үргэлж мэдлэгээ дээшлүүлж байх ёстой.  Ингэж байж хагалгаа хийхэд өөртөө итгэлтэй болдог. 2000 оны үеийн хагалгаа өнөөдөр өөрчлөгдчихсөн байхад тэр үеийнхээрээ хүүхдийг эмчлэх гээд байж болохгүй шүү дээ. Харамсалтай нь Монголд өнөөдөр ийм хоцрогдсон байдалтай байна. Зарим зүйл дээр үүнээс ч хэцүү байна гэвэл та бүхэн гайхаж цочирдох байх л даа. Бизнес болсон учраас манайхан ялангуяа мэс заслын эмчилгээнд тун болгоомжтой хандах ёстой. Гадаадын тийм оронд очоод ийм хагалгаа хийлгээд ирлээ л гэж ярьдаг болсон байна шүү дээ. Заалтгүй байхад хийх буруу хагалгаа, мэс ажилбар гэж байдаг гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлж сэрэмжлүүлэхэд буруудахгүй байх. Азийн зарим орнууд энэ тал дээр гаршсан байж магадгүй гэж сэрэмжтэй байхад гэмгүй. Энэ бол мэс заслын ёс суртахуун мөнгөөр хэмжигдэж байгаагийн сөрөг тал. 

- Хагалгааны дундуур завсарлаж, хоол идэж болдгийг тухайн үед би ойлгохгүй байлаа - 

-Таны хамгийн удаан хугацаанд хийсэн хагалгаа хэчнээн цаг үргэлжилж байсан бэ?

-10-12 цаг үргэлжилж байсан санагдана. Автралид нэгэн профессортой хамтран 18 цаг үргэлжилсэн хагалгаанд орж байлаа. Мөн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг ихэвчлэн шөнийн цагаар хийж байсан. Эсвэл өглөө эрт 07 цагт эхэлсэн хагалгаа оройн 19 цагт дуусах жишээтэй. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг ингэж л хийдэг.  АНУ-д бас нэгэн профессортой хамтран хэвлийн хавдартай хүүхдэд бараг бүтэн өдрийн туршид хагалгаа хийсэн. Хэвлийн бүх булчирхайнуудыг нь түүх шаардлагатай байсан юм. Дунд нь завсарлаж хоол ундаа иднэ.

-Хөөх, хагалгааны явцад бас завсарлаж хоол идэж болдог юм гэж үү?

-Би ч бас ингэж болдгийг анх мэддэггүй байлаа. Монголын эмч нар ч гэсэн ингэж болно шүү дээ. Монголчууд хагалгаа хийж байгаа эмч хагалгааныхаа дундуур гараад хоол иднэ гэхээр сэртхийн сонин байдлаар хүлээж авна. Гэвч үгүй юм. Тухайн эмч маш сайн амарсан, өлсөөгүй ядраагүй байх хэрэгтэй. Ингэвэл хагалгаагаа сайн хийнэ. Том хэмжээний хагалгааны дунд нь завсарлаж өдрийнхөө хоолыг иддэг. Өдрийн хоол ч юу байхав дунд нь завсарлахыг хэлж байгаа юм. Үнэхээр зайлшгүй хийх яаралтай хагалгаа биш бол  шөнө хагалгаа хийх нь эрсдэл өндөртэй байдаг.

-Энэ хооронд хагалгаанд орж буй өвчтөн ямар байдалтай байх уу?

-АНУ-аас нэгэн эмч ирээд бид хоёр Эх нялхасын  төвд нэгэн том хагалгаа хийхээр болсон юм. Гэтэл хагалгаа дундаа орох ч болоогүй байтал өнөөх америк эмч маань надад хандан “Түмээ хагалгаагаа зогсоо. Залуучууд энэ жаахан зүйлсийг хийж байг. Хоёулаа гарч хоол идье” гэдэг юм байна. Би ч гайхаад “болохгүй шүү дээ. Хоёулаа хагалгаагаа дуусгаж байгаад хоол иднэ” гэтэл  өнөөх эмч хариуд нь “та нар ингэдэг юм уу, АНУ-д хуучин тэгдэг байсан. Одоо больсон шүү дээ Түмээ, хоолоо идчихээд эргэж ирээд хагалгаагаа хийе” гэсэн. Би тухайн үед ойлгохгүй байлаа. Хагалгаанаасаа гараад явах гэхээр өвчтөнийхөө ээж, аав болон ар гэрийнхэнтэй нь тааралдах гээд болдоггүй. Намайг хараад тэд “манай хүүхдийн хагалгаа дууссан уу” гэж асуувал “дуусаагүй ээ, дундуур нь би хоол идчихээд ирье” гэх юм уу, би ойлгохгүй байсан. Гэтэл АНУ-д яг л ингэж хоол идэж эрч хүч аваад буцаж орж үргэлжлүүлдэг юм билээ.

-Тэгээд та хагалгааны дундуур гарч хоолоо идсэн үү?

-Идсэн. Хоолоо идчихээд буцаж орж ирээд бид хагалгаагаа үргэлжлүүлсэн. Тэр нь надад их таалагдсан. Учир нь надад эрч хүч нэмэгдсэн байсан. Жаахан ч гэсэн амсхийж, эрч хүч сэлбэсэн хэрэг. Манай хуучны эмч нар бүтэн арван цагийн турш хоол унд идэхгүй, ус ч уулгүйгээр хагалгааг хийж байсан түүхтэй. Одоо бол дунд нь амраад цай унд уугаад буцаад хагалгаандаа ороход буруу биш. Үүнийг хагалгаанд орж буй өвчтөний ар гэрийнхэн ойлгох л ёстой.

 

-Та Эх Нялхсын төвд хориод жил ажиллахдаа арваад жилд нь дэд захирлаар нь ажилласан хүн. Энэ эмнэлэг одоо ч хамгийн их ачаалалтай эмнэлэгүүдийн нэг гэгддэг.

-Тийм. Хамгийн ачаалалтай эмнэлэг шүү.

-Монгол хүүхдүүд ямар өвчлөлд өртөж, ямар хагалгааг ихээр хийлгэж байна гэхээсээ илүү Монголын эцэг эхчүүд хүүхэддээ хэрхэн анхаарал тавьдаг хүмүүс вэ гэдэг асуултыг таниас асууя гэж бодож байлаа?

-Ямар ч эцэг, эх хүүхдээ сайн анхаарна. Анхаарах ч ёстой. Гагцхүү тэд зөв мэдээллийг авч мэдэхгүй байна. Хүүхэддээ яаж анхаарах ёстой вэ гэдэг тал дээр учир дутагдалтай. Ам дамжсан мэдээлэлд их итгэдэг нь харамсалтай. Найз нь нэг зүйл хэлэхэд түүнийг дууриана. Эсвэл бүр хуучны мэдээлэл олж авдаг. Харин хөгжсөн орнуудад бол хэн нэгний мэдээллийг заавал нягтлан шалгадаг байх жишээтэй. Гэтэл манайд бариач, лам зэргийн хуучин зууны мухар сүсэг, далдын хүчний зүйлс өнөөг хүртэл яваад л байна.

 -Эмнэлэгт хэн нэг нь хэвтэхээр хүмүүс таньдаг эмч эсвэл эмчийг таних хэн нэгнийг хайж тэдэнд өвчтөнөө захидаг уламжлал манай иргэдийн дунд тогтсон. Эмнэлгийнхэн “захиасны хүн” ч гэж ярьдаг гэдэг. Энэ ер нь хэр зохимжтой үзэгдэл вэ?

-Магадгүй эмч нар “захиасны хүн”-дээ хэтэрхий их анхаарал тавих гэж байгаад алдаа гаргадаг тохиолдол байдаг. Тийм учраас “захиасны хүн”-д эмнэлэгийн эмч, ажилчид өөрсдөө дургүй байдаг талтай.

-Эмч, эмнэлэг тэдний үйлчилгээнд итгэх нь л чухал юм байна тийм үү?

-Итгэх хэрэгтэй. Хэлж яриад захих зүйл байж болно. Гэвч хэтэрхий ихээр нэг хүнийг захиад байвал эмнэлэгийн алдаа гарахад нөлөөлж магадгүй шүү дээ. Тиймээс эмч нарын зүгээс захиасан дээр болгоомжтой хандах хэрэгтэй.

 

- Мөнгө авсан хүнд нэг өөр үйлчилдэг, мөнгө аваагүй  хүнд нэг өөр үйлчилдэг байвал түүнээс эмч хүний үнэр үнэртэхгүй -

-Төрөх эмнэлэгүүд дээр очсон хүн Үйлс, Бүлтэн зэрэг эмч нар дээр төрөх юмсан гэж олноороо хүсдэг. Энэ мэтчилэн бусад эмнэлэгүүд дээр ч сайн эмч нарын араас гүйдэг бас л нэгэн бичигдээгүй хууль бидний нийгмийн дунд тогтсон юм шиг. Хагалгаанд ороход хүртэл хамгийн сайн гэсэн эмчийг хүсч тухайн эмчийнхээ гарыг нь цайлгана. Эргээд энэ байдал нь эмч нарыг авлига авлаа гэж дүгнэхэд хүргэдэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Жишээлбэл, хүүхдийн үрэвссэн олгойг авах, ивэрхий зэрэг хагалгааг заавал ч үгүй “том” профессорууд хийх шаардлагагүй. Барууны орнуудад професссоруудад өөрийг нь сонгосон “хувийн үйлчлүүлэгч” гэж байдаг. Би гэхэд 25 жил мэс засал хийж байна. Надад олон шавь нар байна. Ийм нөхцөлд би заавал ивэрхийн хагалгаанд орох гээд байх шаардлагагүй. Тийм шаардлага, сонирхол байхгүй. Харин баруунд “хувийн үйлчлүүлэгч” гэсэн ойлголт бий. Зөвхөн таниар л энэ хагалгааг хийлгэнэ гэсэн хүмүүс байдаг. Надаар ивэрхийн хагалгаа хийлгэнэ гэвэл тэд надад илүү мөнгө төлөх хэрэгтэй болно. Учир нь намайг сонгож байгаа учраас тэр. Би зөвхөн том хагалгаа хийдэг гэдэгтээ биш. Таныг сонгоод жижиг хагалгааг хийлгэх болбол баруунд бол надад тэд илүү мөнгө төлнө. Учир нь тэд хүн бүрийн хийж чаддаг зүйлийг надаар хийлгэхийг хүссэн учраас. Таны асуусан зүйл яг л үүнтэй адил. Сайн эмчийг үнэлж байгаа л хэрэг. Сайн эмчид өгч байгаа зүйл бол авлига биш. Ур чадвар сайтай эмч  нарыг тусгай үнэлдэг нь дэлхий нийтийн жишиг шүү дээ. “Пост социалист” оронд “халаасны мөнгө” эмч нарыгаа жинхэнэ аварч үлдсэн тогтолцоо болсон. Эмч нар социализмын үед маш өндөр цалинтай байсан. Багш нар ч бас. Гэтэл социализм нурахад эмч нарын цалин бага болсон. Одоогийн манай эмч нарын үндсэн цалин нь 500-600 мянган төгрөг авч байна. Үүн дээрээ жижүүр хийгээд 100-200 мянган төгрөг нэмэгдэнэ. Яг ийм байдалтайгаар яаж улсын эмнэлэгт ажиллах юм бэ. “Пост социалист” орнуудад бол ард түмэн нь өөрсдөө эмчийнхээ халаасанд мөнгө хийсэн. Та манай хүүхдийн хагалгааг сайн хийлээ гээд 100 ам.долларыг өгөхөд нөгөө эмч улсынхаа эмнэлэгт үлдэнэ биз дээ.  Юм уншиж өөрийгөө сайжруулна биз дээ.

-Тэгэлгүй яахав.

-Тэд халаасандаа хийж байгаа мөнгөөрөө амьдарна шүү дээ. Хэрвээ эмч нар улсаас өгдөг тэр бага цалингаа аваад явбал яаж оршин тогтнох вэ. Манайд бол халаасны мөнгө авах гэхээр авлигачнаар нь дуудаад болдоггүй. Сонин хэвлэлээр “тэр эмч зөвхөн мөнгө өгөхөөр л хөдөлдөг” гэх зэргээр бичдэг.

-Таны ярианаас эмчийн гарыг цайлгаж, түүнд халаасны мөнгө төлөх нь авлига биш юм байна гэж ойлгогдлоо.

 

-Тийм. Эмчийн ажлыг үнэлэх тогтолцоогоо бүрдээгүй нөхцөлд авлига биш. Эмчийн ур чадварыг үнэлж байгаа нэг хэлбэр. Монголчуудад эрт дээр үеэс гар цайлгах ёс  гэж бий. Гагцхүү тухайн эмч өөрөө мэргэжлийн өндөр ёс суртахуунтай байх ёстой. Мөнгө өгсөн хүнд нэг өөр үйлчилдэг. Мөнгө өгөөгүй хүнд нэг өөр үйлчилдэг байх юм бол түүнээс эмч гэдэг үнэр үнэртэхгүй. Хүний өгч байгаа зүйлийг баярлалаа гэж хэлээд авсан ч гэсэн юу ч өгөөгүй хүнд яг адилхан л хандах ёстой. Өмнө хэлснээр эмчийн мэргэжил өнөөдөр бизнес болсон учраас эмчийн үнэр үнэртэхгүй,  бүхнийг хэтэрхий мөнгөний нүдээр харах гээд байх талтай. Цалин хөлс бага улсад эмч нарыг тогтоож барин тэднийг өрсөлдөөнтэй болгодог тогтолцоо нь энэхүү эмч нарын урамшууллын мөнгө байдаг. Энэ бол хөдлөшгүй, хатуу үнэн юм шүү дээ. Гэхдээ эмч нар цаг ямагт мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж байх үүрэгтэйгээ мартаж болохгүй.

- Хувийн эмнэлэгийн эмч  улсын эмнэлэгт очиж хагалгаа хийх тогтолцоо бүрдэж өгөөгүй.

Энэ тогтоглцоог маш хурдан өөрчлөх хэрэгтэй -

-“Хөнгөн, хүнд нь хамаагүй зөвхөн таниар л хагалгаа хийлгэх гэсэн юмаа Түмээ эмчээ ” гээд хэн нэг нь хандаад ирвэл та хагалгаа хийх үү?

-Өнөөдөр би хагалгаа хийж чадахгүй байна. Учир нь, би Эх нялхасын төвд 20 жил ажиллаад дараа нь хувийн эмнэлэгт ажиллах болсон. Одоо эхнэр Т.Навчаагийн хамт "Зинт" клиникийг байгуулаад ажиллаж байна. Манай хууль дүрэмд хувийн эмнэлэгийн эмч  улсын эмнэлэгт очиж хагалгаа хийх тогтолцоо бүрдэж өгөөгүй. Энэ тогтоглцоог маш хурдан өөрчлөх хэрэгтэй.

-Хуулиараа хориглосон байдаг хэрэг үү?

-Тийм. Тэр байтугай улсын, хувийн эмнэлгийн эмч нарыг хоёр тийш нь харуулсан бодлоготой. Улсын эмнэлгийн эмч улсын эмнэлэгтээ л ажиллана. Хувийн эмнэлэгийн эмч хувийн эмнэлэгтээ л ажиллана гэсэн “юм” үзсэн хүмүүс бол ойлгохооргүй тогтолцоотой. Гэсэн мөртлөө Үндсэн хуулиндаа "Үйлчлүүлэгч эмчээ сонгоно" гэж заасан байдаг. Нэгэн гэр бүл намайг сонгоод хагалгаа хийлгэхийг хүсвэл одоохондоо надад хагалгаа хийх газар байхгүй байна. Эх нялхсын төв дээр очоод хагалгаа хийж чадахгүй. Учир нь тэд намайг мөнгө авч байна гэж хардана. Харин Австрали, Америк, Швейцарь зэрэг оронд өнөөдөр би очоод хагалгаа хийж чадна. Учир нь эдгээр орнуудад чадвартай, туршлагатай эмч нар нь улсынхаа эмнэлэгт ажиллаад түүнийхээ хажуугаар 2-3 хувийн эмнэлэгт зэрэг ажилладаг. Тэд эмч нарынхаа чадвараас нь хамаарч боломжийг нь олгодог. Ер нь мэс засалч эмч нарын хувьд 40-45 наснаас хойш өөрийгөө мэргэшилдээ арай гайгүй болж байна гэж үзэж болно гэж би боддог.

-Тэгвэл энэ хугацаа бол таны хувьд “ид” хагалгаа хийж байх үе юм байна тийм үү?

-/Инээв/  Ид үе л байгаа юм. Миний найз гаднын зарим профессорууд миний өмнөөс харамсаад байдаг юм. Гэвч Эх нялхсын төвд миний олон шавь нар, багш маань ажиллаж, хагалгаа хийж байна. Тэд надтай надгүй сайн байгаа учраас би санаа зовохгүй. Зүй нь Австралид бол залуу эмч нар нь улсынхаа эмнэлэгт зуун хувь ажилладаг. Харин олон жил ажилласан туршлагатай “профессорууд” хувийн эмнэлэгтээ 70 хувь, улсын эмнэлэгтээ 30 хувийн ирцтэйгээр ажилладаг байх жишээтэй. Энэ хоёрын дунд долоон ангилалтайгаар эмч нарыг ангилсан байдаг. Монголд дөнгөж Анагаахын дээдийг төгсөөд хувийн эмнэлэг байгуулах эрхтэй. Ийм “дампуу” байж болохгүй. Хувийн эмнэлэг гэдэг бол хүнээс мөнгийг нь авч байгаа өндөр хариуцлага. Тайландад гэхэд дөнгөж төгссөн эмч нар нь зөвхөн улсын эмнэлэгт ажиллаж мэргэжил дээшлүүлэхийг зөвшөөрдөг.

 Монголын нөхцөлд миний мэргэжлээр хүүхдэд хагалгаа хийхэд одоогоор эрсдэлгүй газар нь зөвхөн Эх нялхасын төв гэж хэлнэ. Өөр газар хүүхдэд хагалгаа хийх орчин болоод баг бүрдээгүй байна. Энэ тийм амархан зүйл биш. Эх нялхсын төвийн хүүхдийн мэс заслын алба  байгуулагдаад 60 жил болж байна. Жаран жилийн туршлага гэдэг бол хэр баргийн хүүхдийг алдахгүй шүү дээ.

-Та Эх нялхсын төвд очоод хагалгаа хийх эрхгүй гэхээр нэг л сонин санагдаад байх юм.

-Энэ бол Монголын эрүүл мэндийн салбарын тогтолцооны алдааны нэг жишээ. Надаас тусламж авахыг хүсэж хүүхэддээ хагалгаа хийлгэе гэсэн эцэг, эхчүүдэд би энэ тал дээр туслаж чадахгүй байна. Цөөн зарим хагалгаанд хүсэлт надад ирдэг. Гэвч ихэнх хагалгааг Эх нялхасын төв  чадаж байна. Гэхдээ хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор Түмээ эмчээр хагалгаа хийлгэе гэсэн хүмүүст би туслаж чадахгүйдээ жаахан сэтгэл дундуур байдаг. Гэхдээ нөхцөл нь бүрдэх цаг ирэх байх гэдэгт итгэж байна.

- 20 жил мэс засал хийхдээ би өөрийгөө арай болоогүй байна гэж боддог байсан,

10-15 жил мэс засал хийхдээ өөрийгөө болчихлоо гэж боддог байсан -

-Дуучин хүн дуугаа дуулахгүй бол тайзаа санадаг, зүүдэлдэг гэж хүртэл ярьдаг. Аль ч мэргэжилд мэргэжлийн “өвчин” гэж зүйл байдаг шүү дээ. Та хагалгаа хийлгүй удахаар хагалгаанд ормоор, хиймээр санагдах үе танд хэр олон тохиолдох юм бэ?

-Би мэс заслыг тэгж хардаггүй. Учир нь би мэс заслыг механик ажил гэж боддоггүй. Мэс засал бол сэтгэл зүрх, мэдлэг чадвар бас төрөлхийн нэг авьяас шаардсан ажил гэж боддог. Тиймээс би одоо ч гэсэн хагалгаа хийхэд надад ямар нэгэн асуудал байхгүй. Зарим хүмүүс ажлаа хэсэг хугацаанд хийхгүй болохоор төсөөрлөө гэж ярьдаг. Эргээд харахад 26 жил мэс заслын эмч хийсэн байна. Би 20 жил мэс засал хийхдээ өөрийгөө арай болоогүй байна гэж боддог байлаа. Гэтэл 10-15 жил мэс засал хийхдээ өөрийгөө болчихлоо гэж боддог байв. Энэ их сонин.

-Мэс заслын сайн эмч гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Алдаа, хүндрэлээ засаж чаддаг эмчийг л сайн эмч гэдэг юм. Хагалгаа хийх явцад болон хагалгааны дараа хүндрэл гарсан тохиолдолд түүнийгээ  цаг алдалгүй оношилж чадахгүй, засаж  чадахгүй байвал өөрийгөө болоогүй байна гэж бодох хэрэгтэй. Гэтэл алдаа, хүндрэлийг засах бүх аргаа мэдэж, чадаж байвал өөртөө итгэлтэй болж болно. Тийм эмч нар гадаад руу явж хагалгаа хийж ч болно. Учир нь энэ бол өндөр түвшинд мэргэшсэнээ харуулах том сорил байдаг. Мэргэжлээрээ өндөр төвшинд хүрсэн эмч нар л хөдөө орон нутагт болоод гаднын улс оронд очиж хагалгаа хийх эрхтэй. Гаднаас ирж байгаа эмч нарын хувьд ч ялгаагүй тэр эрхийг авсан эмч нар юм. Түүнээс биш хэн дуртай нь Монголд ирж хагалгаа хийнэ гэж байхгүй шүү дээ.

-Улсын эмнэлэгүүд тэр дундаа Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн ойр орчимд алхам бүрт л хувийн эмнэлэгүүд үүд хаалгаа нээсэн байгаа харагдах юм. Зарим иргэд тэдгээр хувийн эмнэлгүүдийн эзэд ямар эмч нар байдгийг андахгүй сайн мэддэг болсон. Чадвартай эмч нар олноор хувийн эмнэлэг байгуулан өрх тусгаарлан гарч байгаа энэ үзэгдлийг та хэр зөв зохистой зүйл гэж хардаг вэ?

 

-Зах зээлийн нийгэмд бүх л зүйл бизнес болсон байна. Хүний эрүүл мэндээр мөнгө олох нь өөрөө бизнес болчихсон байна. Жишээлбэл талх хийгээд дэлгүүрт зарахад бид түүнийг мөнгөөр худалдаж авдаг. Тиймээс талх худалдаж авах мөнгөө эмч ч ялгаагүй олох хэрэгтэй болно. Би мэс заслын эмч хүн ч гэлээ гутлаа засуулах хэрэгтэй. Гэтэл би гутал засварчинд өгөхдөө мөнгө төлдөг. Үүнтэй адил би хагалгаа хийгээд түүндээ тохирсон урамшуулал авах эрхтэй. Гэтэл энэ мөнгийг улсаас бүрэн өгч чадахгүй байна. Би улсын эмнэлэгт өдөрт 5-10 хагалгаа хийсний үр дүнд 20 мянган төгрөг авчихаад гэртээ харих замдаа нөгөө мөнгөө таксинд өгчихвөл ямар хөдөлмөрийн бүтээмжтэй ажиллах юм бэ. Болохгүй байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав.

-Талх, сүү, мах аваад гэртээ ортол өдөрт авдаг 20 мянган төгрөг маань дуусчихна. Ийм нөхцөлд би байтугай гэр бүл маань амьдарч чадахаа болино шүү дээ /инээв/. Тиймээс өөр эмнэлэг ажиллуулж тэндээ ажлын бус цагаар ажиллах хэрэгтэй болдог. Баруунд бол улсын эмнэлэгт эмчлэх ёстой хүүхдээ сайн эмчилж байгаа л бол ажлын найман цаг заавал байх албагүй. Хагалгааг нь сайн хийгээд оюутнууд, залуу эмч нартаа үүрэг даалгаврыг нь өгөөд профессорууд нь хувийн эмнэлэг рүүгээ яваад өгдөг. Манайд бол би хувийн эмнэлэгтэй мөртлөө улсын эмнэлэгт ажиллаж байгаа бол улсын ажлыг дууссан ч гэсэн тэнд ажлын 8 цаг суух ёстой. Гэтэл орлогоо нэмэгдүүлмээр байна шүү дээ. Ингээд л зөрчилдөөд байгаа юм.

Нэг сонин баримт байдаг. АНУ-д ажиллаж байгаа нэг хүүхдийн мэс заслын эмч Монголын 2-3 эмчийн ажлыг хийдэг. Монголын хувьд улсын эмнэлэгийнхээ эмч нарын тоог цөөлөөд цалинг нь өндөр өгөхөд л болно. Монгол шиг цөөн хүн амтай газар хүнд өвчтөн эсвэл мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан хагалгаа цөөн тохиолддог. Гадаадад бол нэг жилд цөөн тохиолдох хагалгааг нэг л эмчид хийхийг зөвшөөрдөг. Жишээ нь, Цөсний сувгийн битүүрэл гэдэг гаж хөгжил Монголд төдийгүй бусад оронд жилд дунджаар 10-15 орчим тохиолддог. Энэ  хагалгааг ганц л эмч хийж байхгүй бол Монголын мэс заслын хөгжлийн төвшин дэлхийн төвшинд хэзээ ч хүрэхгүй. Гэтэл өнөөдөр манайд ийм төрлийн хагалгааг 5 эмч хийж байх жишээтэй. Австралид аль ч хотод нь ийм эмгэгтэй хүүхэд төрөхөд Седней хотын хүүхдийн эмнэлэгийн Альберт Шун гэдэг профессор руу л очих ёстой гэсэн зарчим байдаг. Учир нь энэ хагалгааг өндөр төвшинд хүргэхийн тулд тэр эмч бие дааж тэрхүү хагалгааг хийдэг хэрэг. Энэ зарчим бол нарийн мэргэжлийн тусламжийг дэлхийн төвшинд хүргэх механизм юм л даа. Монголд даан ч энэ тогтолцоог мэддэггүй бүгд л “би чадна” гэж боддог. Нэг эмч нэг төрлийн хагалгааг жилд 20 удаа хийхийн оронд энэ 20 хагалгааг 5 эмч хувааж хийх тохиолдолд туршлага хуримтлуулах нь хэд дахин бага байна л гэсэн үг.

 

- Эмнэлгүүд бүх алдаагаа нууж байгаа, алдаагаа нуусан хүн алдаанаасаа суралцаж чадахгүй - 

-Яг л нэг хагалгаанд мэргэшсэн түүнийгээ олон дахин хийсэн эмч Монголд дутмагаас болж тэдэнд итгэх хүмүүсийн итгэл суларсан юм болов уу сайд дарга нараасаа авхуулаад л гаднын улс оронд очиж хагалгаа хийлгэх сонирхол сүүлийн үед ихэсч байна. Зарим нь байгаа бүхнээ зарж үрж байгаад л гадагшаа явж хагалгаанд орлоо гэж ярих нь цөөнгүй л сонсогдох юм.

-Манай иргэд эмч нарынхаа үгэнд итгэдэг, тэднийг сайн гэдэгт ч итгэдэг. Гэвч өнөөдөр дэлхий хавтгай болсон байна. Монголын эмч нарыг дэлхийн эмч нартай харьцуулаад жингийн туухайн дээр тавиад үз л дээ. Монголын эмч нарын ихэнх нь Монголд эсвэл ОХУ-д суралцсан байдаг. Тиймээс барууны эмч нарын боловсролтой харьцуулашгүй. Нэг талаас хүмүүс сонголт хийж эхэлж байна шүү дээ. Мөн энэ асуудалд нөлөөлдөг зүйл бол манайхан эмнэлгийн алдаа гэдэг зүйл дээр буруу ойлголттой байдаг. Эмч, сувилагч нараас хамаараагүй тогтолцооны алдааг олон нийтэд хэвлэл мэдээллээр сенсац болгон ярьж ил тод болгодог. Үүний үр дүнд хүмүүс айдастай болно. Энэ байдал хүмүүсийг гадагшаа явж эмчлүүлэхэд нөлөөлнө. Айхаас гадна эмч, сувилагч нар нь алдаагаа хэлж ил тод болгохгүйн тулд нуудаг болчихдог. Эмнэлгүүд бүх алдаагаа нууж байгаа.  Алдаагаа нуухаар хүн алдаанаасаа суралцаж чадахгүй. Уг нь бол эмнэлэг дотроо маш нээлттэйгээр алдаа бүрээ хэлэлцдэг байх ёстой. Хэн алдаа гаргасан нь чухал биш, яагаад, юунаас болж гаргасан бэ гэдэг нь хамгийн чухал юм. Жижиг алдаа гэж байдаггүй. Алдаа гаргасан эмч, сувилагч алдаагаа эмнэлэг дотроо бүртгүүлдэг байх ёстой. Хариуцлагын алдаа, мэргэжлийн алдаа, өвчний эсвэл хагалгааны хүндрэл гэдэг өөр, өөр ялгаатай ойлголт юм.

 Эмч, эмнэлгийн ажилтнуудын алдааны 70 орчим хувь нь зохион байгуулалт, тогтолцооны болоод удирдлагын буруугаас хамааралтай байдаг. Америкт гэхэд мэс заслын салбар нь хагас цэргийн дэглэмтэй. Ер нь Америкийн эрүүл мэндийн тогтолцоо, Европын, Азийн гэсэн тогтолцооны онцлог байдаг л даа.

-Та бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Монголчууд өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж ярьж байгаад л гэнэт өвдсөнөө мэддэг дутагдалтай. Хийсч ирэх гэнэтийн өвчлөлд өртөхгүйн тулд хүн өөрийн эрүүл мэндийн байдлаа хэрхэн яаж хянаж, тордож явах ёстой вэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг барууны орнуудад нарийн заагаад өгчихсөн байдаг. Нярай хүүхэд дөнгөж төрөөд үзүүлнэ. Дараа нь 1, 2, 4, 6, 9, 12 сартайд үзүүлнэ гэж заасан байх жишээтэй. Мөн гурван нас хүртлээ жилд хоёр удаа үзүүлнэ. Гурваас дээш настай бол жилд нэг удаа 18 нас хүртлээ үзүүлнэ. Дараа нь залуучууд яах вэ гэдгийг ч заагаад өгсөн байдаг. Үүгээрээ өвчнийг хянаж, түүнээс урьдчилан сэргийлнэ. Эрүүл мэндийн үзлэгт орох нь тэдний ухамсарт нь суугаад өгчихсөн хууль юм шиг санагддаг. 40-өөс дээш насанд нас дагаж гардаг өвчнүүдийн эрсдлийг тооцож шинжилгээнүүдийг нь товлон урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг. Түүнээс биш манайх шиг нийтийг хамарсан эрүүл мэндийн үзлэг хийдэггүй. Энэ арга 1940-50-иад онд ямар ч үр дүнгүй болох нь батлагдчихсан юм. Өнөөдөр хүртэл би нэгэн эцэг эхэд энэ талаар ярьж суулаа. Цэцэрлэгт нь нарийн мэргэжлийн үзлэг хийж мэдэхгүй эмч нар бүх хүүхдүүдийг үзэхдээ төмсөг нь буугаагүй байна гэж хэлсний дагуу эцэг эх нь сандраад манай эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Би ийм олон хүүхдийг үзсэн. Үзэхээр төмсөг нь буучихсан байтал буугаагүй байна гэж хэлсэн байдаг. Хүүхдийн шодой заавал шамлагдах ёстой гэж зөвлөж шамлагдахгүй бол өвчин эмгэгтэй гээд бүртгэдэг. Мөн өнөөдөр миний үзсэн зургаан настай хүү өөрөө хагалгаанд оръё гэж хүссэн байгаа юм. Өөрийнхөө гоо сайханд зургаан настайдаа анхаарах болсон шалтгаан нь хүүхдүүдэд шоолуулсан хэрэг. Эмч нийтийг хамарсан эрүүл мэндийн үзлэгийн үеэр цээжийг нь нүцгэлүүлээд үзсэн. Өвчүү нь цаашаа хонхорхой байгааг хүүхдүүд хараад шоолсон байсан. Энэ мэтчилэн эмч нар ёс зүйн  болон харилцааны алдаа гаргаж болохгүй. Өвчин  бол хувь хүний нууц байх ёстой.

-Өвчин гэдэг хувь хүний нууцад хамаарах уу?

-Нууц. Нууц учраас манай эмнэлэг нэг өрөөнд зөвлөгөө өгч байгаа эмчийн яриаг цаад талын өрөөнд сонсогдохгүй байхын тулд хөгжим эгшиглүүлдэг.

-Хачин юм. Монголын эмч нарын дийлэнх нь хэн нэгний өвчний түүхийг бусдын хажууд хэлж өгч л байгаа харагддаг шүү дээ.

-Дарааллаа хүлээж байгаа хүн өмнөх хүнийхээ өвчний түүхийг бүгдийг нь сонсоод мэдээд авчихсан сууж байдаг /Инээв/.

-Эмийн сангуудад орохоор эмийн санч нар нь  зөвлөгөө өгөөд эм зөвлөөд байдаг. Энэ байдал нь хэр зөв зүйл вэ?

-Тэд нарыг хэн тийм “мэдлэгтэй” болгож байна вэ гэвэл эмийн компаниуд шүү дээ. Орост эмийн бизнес хар тамхины бизнестэй адилхан ашиг олдог болсон. Гадныхан сонсох юм бол хөх инээд нь хүрнэ. Химийн бодис ер нь хүний биед ямар сайн байх вэ дээ. Манай эцэг эхчүүд нярай хөхүүл хүүхдийг зүгээр л 20 дахин жижигрүүлсэн том хүн гэж ойлгодог. Тэдний амьсгалах, зүрх нь цохилохоос авахуулаад идэж уух, бааж шээх нь бүгд насанд хүрсэн хүнээс өөр. Нярай хүүхдээ цочоод байна, баахдаа уйлаад байна, шөнө олон сэрж  байна гээд л эмнэлгээр аваад яваад байдаг. Тиймээс бид эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг  сайжруулах нь хамгийн чухал гэж үзэн facebook хуудас ажиллуулдаг. Энэ нь бас залуу эмч, анагаахын оюутнуудыг байнга мэдлэг,  боловсролоо дээшлүүлэхэд нөлөөлөөсэй гэж хүсдэг. Үйлчлүүлэгчээсээ тааруу мэдлэгтэй эмч байж таарахгүй шүү дээ. Энэ бол маш чухал хяналтын механизм. Ер нь хүмүүс ялангуяа бага насны хүүхдээ аль болох эмийн хэрэглээнээс хол байлгах хэрэгтэй. Хэр баргийн өвчин эмгэгийг хүний биеийн дархлаа өөрөө эмчилчих чадвартай юм л даа. Үүнийгээ мэдэхгүй учраас л эм хэрэглээд байгаа юм. Эмээр эд, эс, эрхтэнээ “эвдлээд” байна гэсэн үг.

-Тэгвэл эмийн хэлбэрээр авдаг витаминыг өөр ямар байдлаар авбал зохистой вэ?

-Хоол унднаас авдаг. Олон төрлийн хоол хүнсийг хэрэглэж байх хэрэгтэй. Нэг өдөр загасны мах идсэн бол маргааш нь тахианы мах, нөгөөдөр нь хонь, үхрийн махыг хэрэглэж байх  хэрэгтэй. Ногоо ч мөн ялгаагүй олон төрлөөр нь хэрэглэх нь зүйтэй. Эрүүл хоололтод хамгийн эхэнд ногоон навчит ургамал багтдаг. Залуу байхдаа эмийн хэрэглээнээс хол байх хэрэгтэй. Нас ахиад ирмэгц хүссэн хүсээгүй байнга уудаг эм рүү орно. 40-45 наснаас хойш аспириныг өдөр бүр уух ёстой. Энэ нь тархины цус харвалт, зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн кальцийн бэлдмэлийг байнга уух ёстой. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд бол байнга тогтмол эм уух ёстой болдог. Ер нь хүний бие машинтай адилхан шүү дээ. Шинэ машин засвар шаарддаггүйн адил дөнгөж төрсөн нярай хүүхдэд эм өгөхдөө туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Гэтэл манайд 2-3 –хан хоногтойгоос нь хүүхдэд эм өгч эхэлдэг. Харин машин элэгдэж хуучрахаар засуулдагийн адил эд эрхтэн хөгшрөхийн хэрээр тордохыг шаарддаг.

-Монголын ирээдүйн анагаах ухааны хөгжил дэвшил таны хувьд ямар төлөвтэй харагдаж байна вэ?

-Монголчууд бид нэг нэгнийгээ маш ихээр шүүмжилдэг. Магадгүй энэ байдал нь хөгжлийг сааруулахад нөлөөлдөг байж болно. Ер нь ухаантай хүмүүсийн үгийг сонссон нь дээр гэж би боддог. Тэд илүү ухаантай хүмүүсийн хэлснийг уншаад, бодоод боловсруулсан байдаг. Урагшаа явчихсан хүмүүс олон байна. Баабар олон жилийн өмнө “хөгжлийн хамгийн чухал нь механизм” гэж хэлсэн. Үүнийг Баабар ч олж хэлээгүй байх. Тэрбээр биднээс түрүүлээд уншчихсан байх. Эрүүл мэндийн салбарт ялгаагүй гол асуудал нь механизм. Эмч ажилчдын алдааг багасгья гэвэл нөгөө л шийтгэдэг, торгодог механизм биш юм. Харин сайн дураараа өөрсдөө алдаагаа ил болгодог дараагийн алдаа гардаггүй механизм байх юм бол дахиад хүн хохирохгүй. Эмийн хэрэглээний механизмыг хэдийнээ тогтоочихсон, түүнийг л хэрэгжүүлээд эхлэх хэрэгтэй. Ер нь эрүүл мэндийн салбарын бүх төвшний хөгжлийн гол механизмуудыг манайх бараг шууд л ажил хэрэг болгож эхлүүлэх хэрэгтэй. Ингэж байж л зөв замдаа орох байх.

 

Э.Одгэрэл | Гэрэл зургийг Б.Бямба-Очир

 

  • 2 995

Хамтрагчид

Зинт Клиник:

Зинт Фарм:

Зинт ХХК

88114227

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Клиник

77110949, 85820949, 85720949

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Фарм

99030063

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

ЧД 2-р хороо, Жигүүрт хөлөг, 1 тоот /бөөний цэг/

.