77110949, 85820949, 85720949/клиник/,   +976-99030063/фарм/  
Хүүхэд ба гэр бүл

Зинт клиник

Татвагнаа

Хүүхэд гэнэт, түргэн, жигд бус хэмнэлээр өөрийн мэдэлгүй хөдөлгөөн хийх эсвэл дуу авиа гаргахыг татвагнаа (англиар tic) гэнэ. Татвагнаа хүүхэд элбэг тохиолдох боловч дийлэнхидээ түр зуурынх байдаг тул ийм хүүхдийг тэр бүр эмчид үзүүлээд байдаггүй.

Татвагнаа ихэвчлэн 4-6 насанд эхэлж 10-12 насанд дээд цэгтээ хүрэх ба өсвөр насанд эргээд өөрөө зүгээр болдог. Хүүхэд насанд эхэлсэн татвагнаагийн зөвхөн 1% нь насанд хүртэл нь үргэлжилдэг байна.

Бие махбод, сэтгэцийн хувьд эрүүл хүүхдэд ч татвагнаа илэрдэг (анхдагч татвагнаа). Энэ тохиолдолд мэдэгдэхүйц шалтгаан байдаггүй. Гэхдээ удамшилтай байх нь элбэг. Тэгтэл хэт хөдөлгөөнтөх анхаарал сарних эмгэг, айдас түгшүүрийн эмгэг, сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутралтай, архи, тамхи хэрэглэдэг хүүхдүүдэд татвагнаа илэрч болно (хоёрдогч татвагнаа).

Өөрөөр хэлбэл манайхан татвагнаатай хүүхдэд мэдрэлийн ядаргаа/мэдрэл сульдлын хамшинж (Neurasthenia), архаг ядаргаа (Chronic Fatigue Syndrome) зэрэг онош тавьдаг нь ямар ч үндэслэлгүй юм. Эдгээр оношийг анагаах ухаанд 1800-аад оны сүүл үеэс хэрэглэж эхэлсэн бөгөөд 1900-гаад оны эхэн үеэс хэрэглэхээ улам бүр больсоор байна.

Татвагнааг хөдөлгөөнт болон дуут гэж 2 ялгана. Хөдөлгөөнт татвагнаагийн элбэг тохиолддог хэлбэрүүд:

  • Мөрөө хавчих
  • Хамраа үрчийлгэх
  • Толгойгоо янз бүрээр хөдөлгөх
  • Биеэ янз бүрээр хөдөлгөх
  • Нүдээ цавчлах
  • Уруулаа хазах
  • Нусаа татах
  • Хэлээ булталзуулах
  • Нүүрээ татгануулах
  • Хуруугаа дуугаргах
  • Ямар нэг юмаар байнга оролдох

Дуут татвагнаагийн элбэг тохиолддог хэлбэрүүд:

  • Ханиах
  • Хоолойгоо засах
  • Шиншлэх
  • Гийнах
  • Санаа алдах

Татвагнаагийн 3 хэлбэрийг ялган оношлодог. Үүнд:

  1. Түр зуурын татвагнаа (1 жилийн дотор өөрөө эдгэрсэн)
  2. Архаг татвагнаа (хөдөлгөөнт эсвэл дуут татвагнаа дангаараа 1 жил түүнээс удаан үргэлжилсэн)
  3. Туреттийн хамшинж (хөдөлгөөнт болон дуут татвагнаа хавсарч 1 жил түүнээс удаан үргэлжилсэн)

Хүүхэд тань татвагнаатай бол юу хийх хэрэгтэй вэ?

  1. Стрессийг боломжийн хэрээр багасгах
  2. Татвагнаж буйг нь анхааралгүй орхих, боль гэж байнга сануулахгүй, загнахгүй, шоолохгүй байх
  3. Хангалттай сайн унтуулж амраах
  4. Хүүхэддээ энэ бол өвчин эмгэг биш, санаа зовох ичих хэрэггүй, том болох тусам өөрөө зүгээр болно гэдгийг ойлгуулах

Татвагнаа хүнд илрэлтэй эсвэл 1 жилээс удаан үргэлжилж байвал заавал эмчид хандах шаардлагатай. Эмч хоёрдогч татвагнаа бий эсэхийг илрүүлж эмийн эмчилгээ хийдэг.

Харин хүүхэд яагаад толгойгоороо санаатай мөргөдөг болон унтахдаа шилээ шөргөөдөг шалтгааныг  “Хүүхэд ба гэр бүл” номноос уншиж мэдэх боломжтой.

  • 1 973

Хамтрагчид

Зинт Клиник:

Зинт Фарм:

Зинт ХХК

88114227

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Клиник

77110949, 85820949, 85720949

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Фарм

99030063

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

ЧД 2-р хороо, Жигүүрт хөлөг, 1 тоот /бөөний цэг/

.