77110949, 85820949, 85720949/клиник/,   +976-99030063/фарм/  
Хүүхэд ба гэр бүл

Зинт клиник

Тогтмол цагт уйлах

Тийм ээ, энэ байдал их элбэг, ойролцоогоор 5 хүүхдийн 1-т тохиолдоно. Эрүүл, жингээ хэвийн нэмж байгаа, хоолондоо сайн, насны хувьд 3 долоо хоног хүрсэн хүүхэд юунд ч тайвшрахгүй, өдөрт 3 ба түүнээс илүү цаг, 7 хоногт 3 ба түүнээс дээш удаа уйлах нь 3 долоо хоног түүнээс удаан үргэлжилж байвал цанх татах (colic) гэнэ. Эцэг эхчүүдэд хүүхдийнх нь ямар нэг юм маш хүчтэй өвдөж буй сэтгэгдэл төрж тэд их айж сандарч сэтгэл санаагаар унадаг. Юу ч хийгээд нэмэргүй хүүхэд нь тайвшрахгүй чангаар уйлахад ээж нар хүүхдээ даган уйлж тусламж эрэн хүүхдийн эмч, түргэн тусламж, бариач, туслаж болох хэн нэгэнтэй холбогдон эмчид ханддаг. Харамсалтай нь олон тохиолдолд цанх татдаг хүүхдэд тархины даралт, чихний өвчин, ханиад зэрэг онош тавьж шаардлагагүй эмчилгээ зөвлөх нь олонтаа.

Нярай, хөхүүл насны хүүхэд үе үе тавгүйтэх, уйлах нь хэвийн үзэгдэл бөгөөд үүнийг цанх татах гэж үзэхгүй (Хүүхэд ба гэр бүл номноос Нярай хүүхэд яагаад уйлдаг вэ зөвлөгөөг унших боломжтой). Тэгвэл цанх татах нь дараах шинжүүдээр илэрнэ. Үүнд:

  • Дийлэнхидээ тогтмол нэг цагт уйлдаг. Ихэвчлэн үдээс хойш, оройдоо уйлна. Иймд Англи хэлэнд Evening Colic ч гэж нэрлэдэг. Ээж аавууд хэсэг хугацааны дараа хүүхдийнхээ уйлдаг цагийг мэддэг болдог.
  • Уйлах нь маш хүчтэй байдаг: чанга дуугаар юунд ч тайвшрахгүй уйлана, нүүр нь чинэрч улайна.
  • Ямар нэг мэдэгдэх шалтгаангүйгээр гэнэт л уйлна. Ээж аавууд “зүүнд хатгуулсан” юм шиг уйлдаг гэж хэлдэг.
  • Дийлэнхидээ өвөрмөц байрлал ажиглагдана: хөлөө нугалж хэвлийдээ наах, сарвуугаа атгасан, хэвлийн булчин чангарсан.

Ингэж уйлах нь олон сараар үргэлжилдэггүй, ойролцоогоор 3 сар орчмын дараа больж эцэг эх байх анхны томоохон хэцүү давааг давдаг.

Өнөөдрийг хүртэл хөхүүл хүүхдийн цанх татах шалтгааныг хүүхдийн анагаахын шинжлэх ухаан олоогүй байна. Хэд хэдэн нөхцөл байдлыг авч үзэж буй боловч аль нь одоогоор батлагдаагүй. Үүнд: харшил, хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо гүйцэт хөгжөөгүй байх, гэдэс, ходоодны хэвийн ашигтай нян өөрчлөгдөх, эхийн хооллолт, эх эцгийн сэтгэл санааны хямрал, эх жирэмсэн үедээ тамхи татах гэх мэт.

Хэдийгээр цанх татах нь өвчин эмгэг биш боловч гэр гэр бүлд маш хэцүү, гэхдээ хүүхдийн эрүүл мэнд, цаашдын өсөлт хөгжилд огтхон ч сөргөөр нөлөөлдөггүй нь нотлогдсон.

Ингэж уйлдаг хүүхдэд мэдлэг, туршлагатай эмч асуумж авч үзлэг хийгээд эмгэг шинж илрэхгүй бол цанх татах хэмээн оношлоно. Ихэнх тохиолдолд ямар нэг шинжилгээ шаардлагага байдаггүй, зарим эргэлзээтэй цөөн тохиолдолд эмч шинжилгээнд илгээж болно.

Эмчилгээний хувьд одоогоор цанх татсан хүүхдийг тайвшруулах үр дүнтэй эмчилгээ байхгүй хэвээр байна. Олон ээж, эмч нар Gas-relief буюу simethicone болон лактобацилл агуулсан пробиотикууд (жишээлбэл линекс, биовита) зөвлөдөг. Эдгээр нь цанх татахыг зогсоох найвдартай бэлдмэл биш боловч ямар нэг сөрөг нөлөөгүй тул хэрэглээд үзэхэд илүүдэхгүй.

Хүүхдээ уйлж эхэлэхэд доорх аргуудыг туршиж үзээд юунд тайвширч байгааг нь олох хэрэгтэй. Үүнд: соосго хөхүүлэх, тэвэрч бүүвэйлэх/явах, босоо барих, доош нь харуулах, өлгийдөх, янз бүрийн дуу авиа (сэнс, тоос сорогч, гялгар уут шажигнуулах, ус гоожуулах) хөгжим сонсгох, хэвлийд нь иллэг хийх, усанд оруулах, машинд авч явах гэх мэт.

Ээжүүд ээ, коликтой хүүхдээ яаж тайвшруулдаг аргуудаа бие биетэйгээ хуваалцаж туршлагаа солилцоорой.

  • 5 651

Хамтрагчид

Зинт Клиник:

Зинт Фарм:

Зинт ХХК

88114227

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Клиник

77110949, 85820949, 85720949

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Фарм

99030063

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

ЧД 2-р хороо, Жигүүрт хөлөг, 1 тоот /бөөний цэг/

.