Хүүхдийн шээс, баасны хэвийн төлвийн тухай зөвлөгөө

Шинэхэн аав ээж нарт зориулж хүүхдийн шээс, баасны хэвийн төлвийн тухай товчхон зөвлөгөө хүргэж байна.

Хүүхэд төрөөд амьдралынхаа эхний хоногт хамгийн багадаа 1 удаа шээдэг бөгөөд цаашид шээсний хэмжээ нэмэгдэж өдөрт хамгийн багадаа 5-8 удаа шээдэг. Эрүүл хүүхдийн шээсний өнгө цайвар шар, хурц үнэргүй байна. Ээжүүд төрсний дараа эхний хэд хоног хөхний сүүний гарц бага байдаг. Энэ үед хүүхэд хангалттай хэмжээний шингэн авч чаддаггүй тул амьдралын эхний 7 хоногтойд шээс нь улбар шар, улаавтар өнгөтэй гарах нь цөөнгүй тохиолддог. Энэ нь аюултай зүйл биш бөгөөд хөхний сүүний гарц нэмэгдсэнээр хүүхдийн шээсний өнгө хэвийн буюу цайвар шаргал өнгөтэй гарч эхэлнэ.

Хүүхэд өвчлөх, халуурах, халууцсанаас болж хөлрөхөд шээсний хэмжээ багасаж, өнгө нь тод шар, хурц үнэртэй болдог. Шээс хурц үнэртэй гарах нь рахит өвчний шинж тэмдэг биш тул Д витамины тунг нэмэх шаардлагагүй юм.

Төрсний дараа эхний 2 хоногт хар эсвэл гүн хар ногоон өнгийн давирхай шиг баас гардаг. Үүнийг зунгаг буюу Meconium гэж нэрлэдэг. Амьдралын 3 дахь өдрөөс баасны өнгө өөрчлөгдөж улмаар 5 дахь өдрөөс тод шар өнгөтэй болно. Нярай хүүхдийн баас зөөлөн тогтоцтой, хэлбэргүй, шингэн байдаг.

Амьдралын эхний хэдэн долоо хоногт эхийн сүүгээр хооллож буй нярай хүүхэд өдөрт дунджаар 6 удаа баадаг. Зарим хүүхэд хооллох болгоны дараа баадаг бол зарим нь хэд хоногт 1 удаа баадаг.

Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо бүрэн хөгжөөгүй байдаг учир баасны өнгө, тогтоц нь үе үе өөрчлөгдөж болно.

Эмчид хэзээ хандах бэ?

- Хүүхэд шээх үедээ зовуурилж уйлах

- Живх солих бүрд шээс хурц үнэртэй, тод шар өнгөтэй байх

- 24 цагт 4 ба түүнээс цөөн шээх

- Баах давтамж олон, их хэмжээтэй усархаг гарах

- Баас хатуу, хэлбэртэй гарах

- Жингээ нэмэхгүй байх, эсвэл жингээ бага нэмэх

Зарим нярай баахдаа яагаад маш их зовуурилдаг вэ, Нярайд ямар шинжүүд илрэхэд эцэг эхчүүд айх шаардлагагүй вэ, Нярайн хооллолтын ямар төлвүүд байдаг вэ зэрэг зөвлөгөөнүүдийг

ХҮҮХЭД ба ГЭР БҮЛ номын хоёрдох хэвлэлээс уншаарай.

All reactions:

20Namuun Gantur and 19 others