ДЭМБ-ын тодорхойлсноор 24 цагт 3 ба түүнээс олон удаа шингэн баахыг суулгалт гэнэ. Гэхдээ хүүхдийн хооллолт, амьдралын хэв маяг, наснаас шалтгаалан баасны тоо янз бүр байдаг учир шинж чанар, давтамжийг нь харгалзан үздэг. “Хүүхэд ердийн баадгаасаа олон, тогтоц нь шингэрч усархаг болохыг суулгалт гэнэ.”
Ихэвчлэн хүүхдүүдийн дунд халдварын шалтгаант суулгалт тохиолдоно. Өөрөөр хэлбэл нян, вирус байх ба цөөн тохиолдолд шимэгчийн суулгалт тохиолддог. Мөн харшил, антибиотикууд эсвэл идсэн уусан хоол хүнстэй холбоотой байж болно. Хүүхдийн нас бага байх тусам ханиад, хатгалгаа, чихний халдвар зэрэг өвчний үед баас шингэрдэг.
Суулгалт өвчний тухай ээжүүдийн дунд түгээмэл яригддаг зарим зүйлийг залруулья:
Худал: Мойл нь суулгалт намдаадаг.
Үнэн: Уламжлалт эмчилгээнд ингэж үздэг ч шинжлэх ухааны үндэслэлгүй юм. Ялангуяа нэмэгдэл хоолонд ороогүй хүүхдэд өгч болохгүй бөгөөд мөн суулгаж байгаа хүүхдэд өвчин эдгэртэл шинэ хоол өгдөггүй гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Тиймээс суулгалт өвчний үед энгийн хооллолтыг үргэлжлүүлэхийг зөвлөдөг.
Худал: Ислэг ихтэй хүнс баас шингэлдэг.
Үнэн: Шош, вандуй, овьёосны хивэг, хальсалсан жимс, болгосон хүнсний ногоо зэрэгт агуулагддаг уусдаг ислэг нь нарийн гэдэс нь дэх усыг шингээж баасыг өтгөрүүлдэг бол түүхий жимс, хүнсний ногоо, үр тариа, улаан буудайн хивэг зэрэг уусдаггүй эслэг нь өтгөний гэдсээр дамжин явах явцыг хурдасгадаг.
Худал: Тархи хөдөлсөн үед хүүхэд шингэн баадаг.
Үнэн: Суулгалт тархины гэмтлийн шалтгаантай байдаггүй. Харин тархины хүнд гэмтлийн үед хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих шинж илрэх нь түгээмэл.
Худал: Идэвхижүүлсэн нүүрсэн эм, гүрвэлзэл намдаах эмийг шингэн алдалтын үед уулгадаг.
Үнэн: Идэвхижүүлсэн нүүрсэн эм нь нарийн гэдсээр зарим хорт бодис шимэгдэн биеэр тархахаас сэргийлдэг тул суулгалтын эмчилгээнд ач холбогдолгүй. Харин гэдэсний гүрвэлзэл намдаах имопек эм нь гүрвэлзэх хөдөлгөөнийг багасган ус болон эрдсийн шимэгдлийг бууруулах замаар шингэн алдалтыг багасгадаг тул архаг суулгалт эсвэл гэдэсний мэс заслын дараах үед хэрэглэдэг.
Худал: Суулгалттай хүүхдийнхээ баасыг эмчид заавал үзүүлэх нь оношилгоонд маш чухал.
Үнэн: Суулгалт өвчний үед эцэг эхчүүд баастай живхийг эмчид үзүүлэхээр авч явах нь халдвар тараах нөхцлийг бүрдүүлдэг тул та зөвхөн авсан зургаа үзүүлэх, эмчийн асуусан асуултад тодорхой хариулах нь оношийн ач холбогдолтой. Мөн манай дээр суулгалт өвчний түгээмэл шалтгаан болдог аденовирус, норовирус, ротавирусний түргэвчилсэн тест авч байгаатай холбоотой баасыг ариун саванд авч ирэн шинжлүүлэх боломжтой.
Та бүхэн бидний гаргасан ХҮҮХЭД ба ГЭР БҮЛ номноос Суулгалт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ, Суулгалт өвчнийг гэртээ хэрхэн эмчлэх зөвлөгөөнүүдийг уншиж мэдэх боломжтой.
All reactions:
4343