Хэлний богино хөвч

Хэл нь амны хөндийн ёроол хэсэгтэй нарийхан холбоосоор холбогддог бөгөөд үүнийг хэлний хөвч гэж хэлнэ.

Энэхүү хөвч нь хэлний хөдөлгөөний далайцыг багасган тогтвортой барьснаараа хооллох, залгих, хэл яриа болон хэлний бусад хөдөлгөөнд оролцдог үүрэгтэй.

Энэхүү хөвч нь хүн болгонд өөр байдаг. Хэл чөлөөтэй хөдөлж чадаж байвал энэ хөвч нь хэлний үзүүр хэсэгт холбогдсон эсвэл хэлний доод гадаргуугийн аль хэсэгтэй ч холбогдсон байж болно. 

Хэлний доод хөвч хэлний ердийн хөдөлгөөнүүдийг хязгаарлахыг хэлний богино хөвч хэмээн нэрлэдэг.

Энэ үед дараах шинж тэмдгүүдийг эмч эмнэл зүйгээр илрүүлнэ:

  • Хэлний хөвч хэлний үзүүр хэсэгт холбогдсон хэт богино байх
  • Хэлээ өргөж дээд шүдэнд хүргэж чадахгүй байх
  • Доод талын үүдэн шүднүүдийн дээгүүр хэлээ 1-2 мм-с илүү давуулж гаргаж чадахгүй байх
  • Хэлээ хоёр хажуу тийш нь хөдөлгөж чадахгүй байх
  • Хэлийг нааш гаргах үед дундуур нь зураас гарч зүрхэн хэлбэр үүсгэх
  • Хэлээ өөрөө хөдөлгөж чадахгүй нялхаст эмч хэлний доогуур, хөвчний хоёр талаар хуруугаа оруулах боломжгүй байх

Зарим нялхаст хэл болон амны хөндийн ёроолыг холбосон хөвч харагдахгүй байж болно.

Эдгээр хүүхдүүдэд хэлний том булчин (genioglossus)-н нэг хэсэг нь нарийн холбоос үүсгэн хэл өргөгдөх үед хэлний “хойд” богино хөвчийг үүсгэдэг

Хэдийгээр хэлний хөвч богино байх нь хүн ам бүрт харилцан адилгүй буюу <1-10 хувь тохиолддог боловч тэр бүр асуудал үүсгэж, өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлдөггүй.

Гэхдээ зарим нярайд хөхөө сайн хөхөж чадахгүйн улмаас жингээ муу нэмэх эсвэл хэлд бүрэн орсон хүүхэд зарим үг үсгийг хэлж чадахгүй байх зэрэг бэрхшээл үүсэх боломжтой.

Нярай хүүхдэд ямар шинж тэмдэг илэрч болох вэ?

  • Нярай хүүхэд хөхөө сайн сорж чадахгүй, хөхөө хөхөхдөө уурлаж уцаарлах мөн нэг удаагийн хөхөөр хооллолт удааширч сунжрах
  • Ээж нярайгаа хөхөөр хооллох үед хөхний толгой хөндүүрлэх

Хүүхэд хэлд орсны дараа хэлний богино хөвч асуудал үүсгэсээр байх уу?

Хүүхэд өсч томрон, амны хөндий хөгжихийн хэрээр хөвч хэвийн болно. Зарим тохиолдолд хэлний богино хөвч нярай үеэс хойш хүүхдийг том болтол нь байж болдог. Хөвч богино учраас хэлний хөдөлгөөн хязгаарлагдаж, хэл яриатай холбоотой асуудлууд үүсч болно гэж зарим эрдэмтэд үздэг.

Хэрэв хүүхдийн хэл ярианы хөгжилд нөлөөлвөл хүүхэд том болох тусам л, р, т, н, з, т, ш зэрэг үсгүүдийг хэлэхэд бэрхшээл үүснэ.
Гэвч ямар тохиолдолд том болтол нь энэ байдал үргэлжлэх вэ, хэл ярианы хөгжилд нөлөөлөх үү гэдгийг бид урьдчилан таамаглах боломжгүй юм.

Хэзээ эмчилгээ хийх вэ?

Хэлний хөвч богинотой хүүхдүүд ихэвчлэн хэвийн өсч бойжиж, амны хөндий хөгжихийн хэрээр хэлний хөвч хэвийн болдог учраас ихэнх тохиолдолд эмч ажиглаж хянахаас өөр зүйл хийдэггүй. Хөхөө хөхөхгүй, жингээ нэмэхгүй, хэл засал эмчилгээ хийсэн ч үр дүнгүй бол хэлний хөвчийг таслах энгийн ажилбар хийх шаардлагатай болдог.

Хүүхдийн эмч
Т.Түмэнжаргал