Хөлрөлт нь биеийн дулаан зохицуулгад ихээхэн үүрэгтэй оролцох ба биеэс хорт бодис болон бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнүүдийг гадагшлуулахад мөн оролцдог.
Хөлс нь арьсан дээрээс ууршихад бие махбод дулаанаа алдаж өөрийгөө хөргөдөг. Тэгэхээр хөлрөлт бол дулаанаа багасгах бие махбодийн хариу урвалуудын нэг.
Хүүхэд яагаад том хүмүүстэй харьцуулахад илүү их хөлөрдөг вэ?
Нялхас, бага насны хүүхдийн мэдрэлийн тогтолцоо бүрэн хөгжиж гүйцээгүй байдаг тул тэд биеийн дулаанаа сайн зохицуулж чаддаггүй нь хөлрөх гол шалтгаан болдог.
Түүнчлэн зарим хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалан бусдаас арай илүү хөлөрдөг байж болно.
Хүүхэд яагаад унтаж байхдаа илүү их хөлөрдөг вэ?
Хүүхэд их хөлрөх, унтаад сэрэхэд дэр нь нэвт норсон байх нь ээжүүдийн санааг маш их зовоодог. Гэхдээ ихэнх тохиолдолд энэ нь ямар нэгэн өвчин эмгэгийн шинж байдаггүй.
Ээж аавууд хүүхдээ унтахад нь зузаан хувцаслаж эсвэл хучсанаас түүнчлэн гэр, орон сууц нь хэт халуун байснаас үүдэн унтаж байхдаа хөлрөх нь элбэг.
Мөн тэдний нойрны онцлогтой холбоотой хүүхэд унтаж байхдаа илүүтэй хөлрөх хандлагатай байдаг.
Бидний нойр 2 үетэй: өнгөц ба гүн нойр. Шөнийн туршид дээрх хоёр нойрны үе ээлжлэн давтагддаг. Гүн нойрны үед хүүхэд их хөлөрдөг. Насанд хүрэгчид болон том хүүхдүүдтэй харьцуулахад бага насны хүүхдэд гүн нойрны үе нь илүү олон давтагддаг, удаан үргэлжилдэг учраас илүү их хөлөрдөг. Шөнө хөлрөх нь ихэнх тохиолдолд том болох тусам багасна.
Их хөлрөх буюу гипергидроз гэж юу вэ?
Биеийн дулаанаа зохицуулах хэрэгцээнээсээ давсан буюу их хэмжээтэй хөлрөхийг их хөлрөх хэмээн нэрлэдэг. Их хөлрөх зовуурьтай хүмүүс үүнээсээ болоод хүссэн хувцсаа өмсөж чаддаггүй, хүрсэн бүх зүйл нь нойтон болох, гар нь хөлөрч балаа барьж чаддаггүй, оймс нь чийгтэж өмсөх боломжгүй болдог гэх мэт өгүүлэмжүүд хэлдэг. Их хөлрөх нь хэсэг газрыг хамарсан, бүх биеийг хамарсан түүнчлэн холимог хэлбэрээр тохиолдож болдог. Их хөлрөх нь зарим хүмүүст аажим багасдаг бол зарим хүмүүст насан туршид нь үлдэх нь бий.
Ямар тохиолдолд эмчид хандах вэ?
Их хөлрөх нь ховор тохиолдолд ямар нэгэн өвчин эмгэгтэй холбоотой байж болно. Тухайлбал, хүүхэд ханиад томуу зэрэг ямар нэгэн халдвар авсан үед бие махбод тухайн халдвартай тэмцэж илүү их ажилласнаар хөлрөх нь нэмэгддэг. Мөн халуурч байгаад буцаад халуун буурахад биеийн дулаанаа хэвийн болгохын тулд хөлөрдөг.
Нойрон дундаа амьсгалаа түгжих эмгэгтэй хүүхдүүд амьсгал авахын тулд бие махбодь илүү их ажилладаг тул мөн их хөлөрч болно.
Түүнчлэн зүрхний төрөлхийн гажиг, уушгины өвчнүүд зэрэг бусад архаг өвчнүүдийн үед мөн л адил хүүхдийн бие махбодь илүү их ажиллах шаардлагатай болдог тул их хөлөрч болдог.
Зарим нэгэн дотоод шүүрлийн өвчнөөс шалтгаалан мөн их хөлөрч болно. Жишээлбэл, бамбайн даавар эмгэгээр ихсэх үед бодисын солилцоо эрчимжиж илүү их дулаан үүсч их хөлөрдөг.
Таны хүүхдэд хөлрөхөөс гадна халуурах, жин буурах, жингээ бага нэмэх, ханиалгах, суулгах, хурхирах, амьсгалаа түгжих гэх мэт бусад өвчний шинж тэмдгүүд хавсран илэрч байвал та эмчид хандаарай.
Рахит, тархины даралт өвчнүүдийн улмаас эсвэл агаар дутагдсанаас хөлрөх үү?
Д витамины дутагдал буюу рахит, хүчилтөрөгч дутмагшлын шалтгаант тархины эмгэгшил өвчнүүдийн (ээж аавууд тархины даралт гэдэг) улмаас хүүхэд их хөлөрдөг гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлгүй юм.
Амьсгал авахад уушгинд хэр их цус очиж байгаагаас хамаарч хийн солилцооны эхэн үед цус хүчилтөрөгчөөр аль хэдийн ханадаг тул хүүхдийг нарсан ойд аваачих, агаарт сайн гаргах гэдэг нь илүү их хүчилтөрөгч авах улмаар хөлрөлтийг багасгах шинжлэх ухааны үндэслэлгүй.
Харин уушгины хийн солилцоо хямарсаны улмаас эсвэл бие махбодийн цусны эргэлт алдагдсанаас үүдэн биед хүчилтөрөгчийн дутагдал үүсгэж болох өвчнүүдийн үед эсвэл бие махбодийн хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэх үед эд эрхтэнд хүчилтөрөгчөө илүү сайн хүргэж өгөхийн тулд амьсгал, зүрхний цохилтын тоо олшрох гэх мэтээр зүрх, амьсгалын булчин болон бусад эрхтэнүүд илүү их ажилласны улмаас дулаан ихээр үүсч хөлөрдөг. Тэгэхээр дээр дурьдсан өвчнүүдийг илтгэх бусад шинжүүд байхгүй л бол та санаа амар байж болно.
Хүүхдээ шөнө хөлрөхийг нь багасгахын тулд ямар арга хэмжээ авч болох вэ?
- Хүүхэд насанд хүрэгчидтэй харьцуулахад арай сэрүүн нөхцөлд буюу 19-21 хэмд илүү сайн унтдаг тул хүүхдийн өрөөний болон гэрийнхээ дулааныг тэдэнд тохируулан тааруулаарай
- Ноосон, зузаан биш нимгэн даавуун унтлагын хувцас өмсүүлээрэй.
- Хөлсийг өөртөө шингээн авч гадаргуудаа гарган ууршуулдаг технологи бүхий даавуун хөнжил хэрэглээрэй.
Зинт клиник
Хүүхдийн эмч Т.Түмэнжаргал