Толгойн хэлбэрийн өөрчлөлт нь 5 хүүхэд тутмын 1-д үүсдэг хүүхдэд тохиолдох хамгийн түгээмэл өөрчлөлт юм. Хэдийгээр энэ нь зовиургүй, тархины өсөлт хөгжилд нөлөөлөхгүй ч эцэг эхчүүдийн санааг нилээд зовоодог.
Хүүхдийн толгойг зулай дээрээс нь харахад бөөрөнхий биш буюу хавтгай, нэг тал нь далий, 2 чих өөр түвшинд байх зэрэг шинжээр илэрнэ. Гавлын аль хэсгийн яс хэрхэн өөрчлөгдсөн байгаагаас шалтгаалан хэд хэдэн төрөлд хуваагдах бөгөөд хамгийн түгээмэл хэлбэр нь байрлалын плагиоцефали (positional plagiocephaly) буюу далий толгой юм.
Ураг/нярайн гавлын яс нь нимгэн, зөөлөн тул толгойн хэлбэр амархан өөрчлөгддөг бөгөөд үүнд дараах шалтгаан нөлөөлнө:
- Ургийн толгой нэг байрлалд хэт удах
- Ихэр ураг
- Төрөх явцын удаашрал, хүндрэл
- Төрсний дараа байнга нэг байрлалаар хэвтүүлэх/унтуулах
- Хүзүүний булчин хэт чангарснаар толгойн хөдөлгөөн хязгаарлагдах
- Төрөлхийн гилжгий хүзүү
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Ээж нь жирэмсэн үедээ витамин Д өдөр тутамдаа 600 ОУН хэрэглэх (Манай улсын Эрүүл Мэндийн сайдын 2020 оны А/490 тушаал болон ДЭМБ-гаргасан зөвлөмжийн дагуу)
- Амаржих газраас гэртээ гарсан өдрөөс эхлэн хүүхдээ сэрүүн байх үед харгалзах хүнтэй доош харуулж хэвтүүлэх бөгөөд аажмаар хугацааг нь нэмснээр 7 долоон хоног гэхэд өдөрт дор хаяж 15-30 минут болгох
- Тоглоом болон саатуулагч зэргийн байрлалыг нь байнга өөрчилж толгойн хөдөлгөөнийг сайжруулах
- Хөхүүлэх болон хооллох, тэврэх үедээ байрлалыг нь өөрчилж байнга нэг талаар нь хөхүүлэхээс зайлсхийх
- Хоёр хажуугаар нь ээлжлэн унтуулах, хүүхдийн суудалтай үүргэвч, машины суудал зэрэгт суулгах буюу толгойг босоо байрлалд байлгах
- Хүүхдийн хүзүүний булчин чангарч хөшиж байвал иллэг хийн булчинг сулруулан толгойн хөдөлгөөнийг сайжруулах.
Хүүхэд хэдий чинээ хөдөлгөөнтэй, идэвхтэй байна төдий чинээ тусгай эмчилгээ шаардагдахгүй. Том болохын хэрээр толгойн хөдөлгөөн нэмэгдэж хэлбэр ч мөн адил засарна. 6 сар гэхэд дийлэнх хүүхдүүдийн хэлбэр засардаг ба зарим тохиолдолд 1-2 насанд анзаарагдахгүй болно.
Плагиоцефали эмгэгтэй хүүхдүүдийн маш бага хувьд нь (10%) эмчилгээ шаардлагатай байдаг нь малгай буюу дуулга юм. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн судалгаанууд уг эмчилгээний үр дүн өөрөө аажимдаа засарч буй хувьтай ижил байгааг нотолсоор байна.
Мөн АНУ-ын Хүнс Эмийн Алба (FDA) 2 нас хүртэлх хүүхдэд толгойны хэлбэр засдаг гэх дэр нь урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ямар нэг үр дүнгүй хэмээн үзэж хэрэглэхгүй байхыг сануулж байна (коммент хэсэгт эх сурвалжийг оруулав).
Дараах тохиолдолд хүүхдийн эмч болон хөдөлгөөн засалчид хандаарай.
Үүнд:
- Таны хүүхдийн хөл гарын булчин хэт чанга байх
- Хүзүүний нэг талд овгор тэмтрэгдэх
- Нүд/харааны өөрчлөлтөөс шалтгаалж нэг тийшээ байнга гилжийж харах
- Нүүр хэм тэгш бус болох
- Гилжгий хүзүүний шинж илрэх
Зинт клиникийн хүүхдийн эмч Ө.Анударь