77110949, 85820949, 85720949/клиник/,   +976-99030063/фарм/  
Хүүхэд ба гэр бүл

Зинт клиник

Ээрэх

Хүүхэд 2-5 насандаа ээрэх нь ховор биш тохиолдоно. Энэ бол хүүхэд өөрийнхөө бодлыг авиа, үг, өгүүлбэр болгон илэрхийлж сурдаг нас юм. Тэдэнд ярих юм маш их байдаг боловч харамсалтай нь бүгдийг илэрхийлж хараахан чаддаггүй. Хүүхдийн ярих хүсэл тэмүүлэл тэдний ярих чадвараас давж гардгаас ээрдэг хэмээн үздэг тул ээрэх нь дийлэнхидээ хэл ярианы хөгжлийн нэг хэвийн үе шат болно. Ийм үед хүүхэд байнга ээрээд байдаггүй, заримдаа ээрэх бөгөөд дунджаар хэдэн сар л үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл нь ээрэх нь яваандаа зүгээр болно. АНУ-ын Ээрүүгийн Үндэсний Нийгэмлэгийн (National Stuttering Association) судалгаагаар ээрдэг 4 хүүхэд тутмын 3 нь өөрөө зүгээр болдог. Гэр бүлд нь ээрдэг гишүүн байх, өсөлт хөгжлийн хоцрогдол, эрэгтэй хүйс, стресс зэрэг хүчин зүйлс ээрэхэд нөлөөлдөг байна.

 

Ээрэх нь дараах 3 төрөлтэй. Үүнд:

  1. Үе, үгийн давтах (Би би би чихэр авмаар байна)
  2. Үгийг уртаар дуудах (Бииииии чихэр авмаар байна)
  3. 2 үгийн дунд авиа гаргахгүй гацах (Би .............................. чихэр авмаар байна)

Хүүхэд тань ээрч байгаа бол эцэг эхчүүд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээрэй. Үүнд:

  • Ээрэхийг нь тоохгүй, зөнд нь орхих, анхаарал хандуулахгүй байх, ээрэхэд нь засч залруулахгүй орхих
  • Хүүхдээ ярихыг нь байнга дэмжиж урамшуулах, ярих нь ээж аавд сонирхолтой, ойлгомжтой байна гэдгийг өөрт нь мэдрүүлэх
  • Ярихыг нь анхааралтай, тэвчээртэй сонсдог байх, яриаг нь тасалдуулахгүй байх
  • Ээрэхэд нь “Чамд ярих юм маш их байгааг ойлгож байна. Битгий яараарай, ээж/аав нь сонсъё яарах хэрэггүй” зэргээр дэмжиж тайвшруулах
  • Өөрсдөө хүүхэдтэйгээ удаан яаралгүй тайван, үгээ зөөж ярих
  • Хэд хэдэн асуулт зэрэг асуудаггүй байх. Нэг дор нэг л асуулт асуух
  • Шүүмжлэхгүй, загнахгүй, буруушахгүй байх

Дараах шинж тэмдгүүд илэрч байвал ээрэх нь цаашид удаан хугацаанд үргэлжилж болзошгүйг илтгэдэг. Үүнд:

  • Үе, үгийг 4 ба түүнээс олон удаа ээрч хэлэх (түр зуур ээрдэг хүүхдүүд үеийг 1-2 удаа ээрч хэлдэг)
  • Ээрэхэд нь нүүрний булчин татвагнах (эрүү, уруул нь чичрэх), нүд нь анивчих, нүд нь өөр тийш ширтэх
  • Ээрэхэд дуу хоолой нь  өөрчлөгдөх
  • Нөхцөл байдлаас үл шалтгаалан (айх, сандрах, ичих, ядрах) өдрийн турш ээрэх
  • Ярихдаа ихээхэн хүчлэх, ярихаас зайлсхийх

Дээрх шинж тэмгүүд илэрч буй эсвэл хүүхэд 5 нас хүрсэн хэрнээ ээрч байгаа бол хүүхдийн эмчид хандаарай. Учир нь удмын ээрүүгээс гадна тархи, сэтгэцийн асуудал байж болзошгүй. Эмч ээрэхийг хөнгөн, хүндэвтэр, хүнд хэлбэрт ялган ангилж тохирсон зөвөлгөөг өгнө. Удаан ээрэх нь хүүхдийг өөртөө итгэлгүй болгож ичих, өөрийгөө дорд үзэх, бусадтай харилцахаас зайлсхийх улмаар гутранги болж ирээдүйн боловсрол, амжилтанд нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг санаарай.

2010 онд бүтээгдсэн бидний сайн мэдэх “The King`s Speech” кинонд Английн Жорж 6-р хаан хэл засалчийн тусламжтайгаар ээрэхээ эмчилж тэр ч бүү хэл маш сайн илтгэгч болсон бодит түүхийг өгүүлдэг. Түүнчлэн National Stuttering Association-аас гаргасан ээрдэг алдартнуудын жагсаалтанд Мерлин Монро, Жулиа Робертс, Брюс Уиллис, Шакил О`Нил, Уинстон Черчилль нар оржээ.   

Харин хүүхэд яагаад оройтож хэлд ордог, хэзээ заавал эмчид хандах шаардлагатайг “Хүүхэд ба гэр бүл” номноос уншиж мэдээрэй.

  • 2 264

Хамтрагчид

Зинт Клиник:

Зинт Фарм:

Зинт ХХК

88114227

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Клиник

77110949, 85820949, 85720949

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Фарм

99030063

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

ЧД 2-р хороо, Жигүүрт хөлөг, 1 тоот /бөөний цэг/

.