77110949, 85820949, 85720949/клиник/,   +976-99030063/фарм/  
Хүүхэд ба гэр бүл

Зинт клиник

Гар хөл амны өвчин

Гар, хөл, амны өвчин нь вирусын шалтгаантай, ихэвчлэн 5-аас доош насныхан өвчилдөг цочмог, хөнгөн явцтай халдварт өвчин юм. Улаанбурхан, салхин цэцэг зэрэг ээж аавуудын сайн мэддэг хүүхдийн халдварт өвчнүүдтэй харьцуулбал “шинэ” өвчин. Хүн төрөлхтөн улаанбурханаар өвчлөөд 1500 гаруй жил болж байна. Тэгвэл салхин цэцэг өвнийг анх 1600-аад онд Италид тодорхойлж байсан бол гар, хөл, амны өвчний анхны тохиолдол ердөө 60 жилийн өмнө буюу 1956 онд Австрали тивд бүртгэгдэж байжээ.

Өвчин халуурч, хоолой хөндүүрлэн, хоолонд муудах, ядарч сульдах шинжээр эхэлнэ. Эхний шинж тэмдэг эхэлснээс хойш 1-2 хоногийн дараа амны салстаар, ялангуяа залгиураар эмзэглэл ихтэй цэврүү үүсч удалгүй эдгээр нь шархлаа болно. Маргаашаас нь арьсаар цэврүүтэй улаан толбон тууралт гарах ба гарын алга, хөлийн ул, заримдаа гар/тохой, хөл/өвдөг, өгзөг, бэлэг эрхтэнээр туурна. Тууралт загатнадаггүй онцлогтой. Өвчин дунджаар 7 хоног дотор эдгэрдэг. Хүндрэл үүсэх нь маш ховор.

Энэ өвчнөөр өвчилсөн хүүхэд/хүний нус, шүлс, цэр, цэврүүний шингэн болон өтгөн нь вирус агуулах тул халдвартай. Иймд агаар дуслын зам, ахуйн хавьтлаар өвчин халдварладаг. Өвчин эхэлсэн эхний 7 хоногт хамгийн их халдвартай. Нууц үе нь 3-6 хоног байдаг. Хавар, зун, намар өвчлөл ихэсдэг.

Энэ өвчний өвөрмөц эмчилгээ байхгүй, зөвхөн шинж тэмдгийн буюу дэмжих эмчилгээг гэрээр  хийдэг. Өвдөлт намдаах, халуун бууруулах эмийг хүүхдийн нас, жинд тооцлон уулгана. Ам, залгиурын өвдөлт намдаах цацлага хэрэглэж болно. Түүнчлэн сулавтар давсны уусмалаар зайлах нь тустай байдаг. Аль болох зажилах, шүлсээрээ дэвтээх шаардлагагүй шууд залгих хоолоор хооллоорой. Үүнд шингэн бантан, хоолны шөл, тараг, жимс ногооны нухаш, зутан гэх мэт. Гэхдээ исгэлэн жимс, ундаа, давсархаг, халуун ногоотой хоол хүнс ам, залгиурын өвдөлтийг улам ихэсгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн амны тууралтыг цэвэрлэх, арчих нь маш хүчтэй өвдөлт үүсгэдэг бөгөөд эдгэрэлтийг удаашруулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Доорх тохиолдолд заавал эмчид хандаарай. Үүнд:

  • Халуун буурулах, өвдөлт намдаах эмэнд хүүхдийн халуун буурахгүй, өвдөлт намдахгүй бол
  • Халууралт 3 ба түүнээс олон хоног үргэлжлэх
  • Өндөр халуунтай үедээ татах
  • Юм залгихгүй, байнга шүлсээ гоожуулснаас болж шингэн алдалтын шинжүүд (арьс салст хуурайших, арьсны хуниас удаан арилах, шээсний гарц багасах, жингээ алдах, нүд хонхойх) илэрсэн

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээгээр гар, хөл, амны өвчин Азийн улс орнуудад илүү тохиолддог бөгөөд сүүлийн хэдэн жил БНХАУ, Солонгос, Япон, Малази зэрэг орнуудад өвчлөл ихэсч байна. Энэ өвчний эсрэг вакцин байдаггүй. Иймд ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм энгийн баримтлах нь энэ өвчнөөс сэргийлэх үндсэн арга болно. Хэд хэдэн төрлийн вирус энэ өвчнийг үүсгэдэг тул хүүхэд нэг биш удаа гар, хөл, амны өвчнөөр өвчлөх боломжтой.

Жирэмсэн эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд эх болон ургийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэггүй.

Тэгвэл Салхин цэцэг өвчнийг гэртээ хэрхэн эмчлэх вэ? зөвлөгөөг энд дарж уншиж мэдэх боломжтой.

  • 1 656

Хамтрагчид

Зинт Клиник:

Зинт Фарм:

Зинт ХХК

88114227

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Клиник

77110949, 85820949, 85720949

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

Зинт Фарм

99030063

ХУД, 15-р хороо, Жаргалан хотхон, 27-р хаус

ЧД 2-р хороо, Жигүүрт хөлөг, 1 тоот /бөөний цэг/

.