АДЕНОВИРУСЫН ХАЛДВАР

Аденовирусын халдвар нь 5 хүртэлх насны хүүхдийн дунд амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин үүсгэгч зонхилох вирусийн бүлэг бөгөөд 100 гаруй хэв шинж байдгаас 49-51 төрөл нь хүнд халдвар үүсгэдэг байна. Аденовирусаар өвчилсний дараа насан туршийн дархлаа тогтдог ч олон хэв шинж байдаг тул бусад өвчлөөгүй төрлүүдээр халдварлах боломжтой.

2024 оны 7 сарын байдлаар томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 17 сорьцод хийхэд, 1/17 (5.9%) сорьцод Аденовирүс илэрсэн байна.

Яаж дамждаг вэ?

Аденовирус нь маш халдвартай. Сургууль, цэцэрлэг, хүүхэд асрах газар, эмнэлэг, зуслан зэрэг ойр орчмын газруудад халдвар тархах нь элбэг. Халдвартай хүн ханиалгах, найтаах үед агаар дуслаар дамждаг. Өтгөн ялгадсаар бохирдсон ус, бохир живх, гараа дутуу угаах зэргээр халдвар тараана. Мөн бохирлогдсон хоол хүнс, ус хэрэглэсэн үед халдвар дамжина.

Гадаргуу дээр удаан хугацаагаар амьдрах чадвартай. Тиймээс бохирдсон тоглоом, алчуур болон бусад зүйлээр тархаж болно.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Халдвар авснаас 2-14 хоногийн дараа шинж тэмдэг илэрнэ.

Нүд улайж өвдөх, нус гоожих хамар битүүрэх, хоолой өвдөх, халуурах, ханиалгах, тунгалгийн булчирхай томрох, толгой өвдөх, хоолонд муудах.

Мөн шингэн усархаг суулгах, халуурах, хэвлийгээр өвдөх, бөөлжих зэрэг шинжээр илэрнэ. Ховор тохиодолд шээх үед өвдөх, цустай шээх шинж тэмдэг илэрч болно.

Яаж оношлох вэ?

Дийлэнх тохиолдолд шинжилгээ хийх шаардлагагүй, шинж тэмдгээр оношилно. Зинт клиникт өтгөний сорьцод Аденовирус, Ротавирус, Норовирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээний хариу 3-5 минутанд гардаг мэдрэг сорил юм.

Хэрхэн эмчлэх вэ?

Аденовирусийн эсрэг онцгой эмчилгээ байдаггүй, зөвхөн шинж тэмдэг бууруулах, дэмжих эмчилгээ хийнэ.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

1. Гаднаас орж ирэхдээ болон хоол идэхийн өмнө гараа сайтар угаах

2. Тоглоом болон эд зүйлсийг сайтар цэвэрлэх

Аденовирусын эсрэг 4, 7-р хэв шинжийг агуулсан вакцин байдаг ч олон нийтэд хийдэггүй. АНУ-д гэхэд зөвхөн цэргийн ангиудад хийгддэг байна.

Дараах тохиолдолд заавал эмчид хандаарай.

1. 2 сар хүрээгүй хүүхдэд дээрх шинж тэмдэг илрэх

2. 3-аас олон хоног 38 хэмээс дээш халуурах

3. Амьсгаадах, амьсгалахад хүнд байх

4. Шээсний гарц багасах, сүүлийн 6 цаг шээгээгүй байх

5. Унтаарах нурмайх, идэвх буурах

6. Унтаж чадахгүй уйлагнах

7. Чихнээс булаг гарах

7. Уусан идсэн болгоноо бөөлжиж гаргах

Та бүхэн Суулгалт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? Ханиадтай хүүхдээ хэрхэн асрах вэ? Хүүхдээ уушгины хатгалгаагаар өвчилснийг яаж мэдэх вэ? зэрэг зөвлөгөөг Хүүхэд ба гэр бүл номноос уншаарай.

All reactions:

2121