Уушгины хатгалгааны үеийн цээжний рентген дүрс оношилгоо

Жил бүрийн 11 сарын 12-ны өдөр Уушгины хатгалгааг таниулах өдөр болдог билээ. Энэ удаагийн таниулах өдрөөр та бүхэндээ уушгины хатгалгааны үед рентген оношилгоог хийх заалтуудын талаар мэдээллийг хүргэж байна.
Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй, бага насны хүүхдэд зонхилон тохиолдож байгаа үед уушгины хатгалгаа болон гуурсан хоолойн үрэвсэл, ханиад шуухинааг ялган оношлох шаардлагатай билээ. Ихэнх тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдэг, бодит үзлэг, чагналтаар уушгины хатгалгааг илрүүлэх боломжтой боловч зарим цөөн тохиолдолд дүрс оношилгооны шинжилгээ шаардлагатай болдог. Тэгвэл хэзээ рентген зураг авахуулах шаардлагатай вэ?
Уушгины хатгалгааны үеийн рентген оношилгооны заалт
Уушгины хатгалгаа сэжиглэгдсэн дараах тохиолдолд рентген зураг авахуулах заалттай байна.

Үүнд:

  • Цээжний хөндийд шингэн хурах, уушгины буглаа үүссэн байх магадлалтай
  • Эмчилгээнд 48 цагийн дараа үр дүн үзүүлэхгүй байх
  • Эмнэлзүйн хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй (хүчилтөрөгчийн хэрэгцээ ихэссэн, амьсгал хямралын шинж ихэссэн)
  • Уушгины архаг эмгэгтэй хүүхдэд ойрын хугацаанд уушгины хатгалгааны шинж тэмдэг цочмог эхэлсэн тохиолдолд

Уушгины хатгалгааг сэжиглэх эмнэлзүйн шинжүүд:

  • Амьсгал түргэсэх (2 сар хүртэлх насны хүүхэд 1 минутанд 60, 1 нас хүртэлх хүүхэд 50, 1-ээс дээш насанд 40 ба түүнээс олон удаа амьсгалах)
  •  Хамар сарталзах
  •  Цээж хонхолзох
  •  Хөхрөх, захын цусанд хүчилтөрөгчийн хэмжээ 95%-аас доош байх зэрэг болно.

Зөвлөмж:

  • Цээжний рентген оношилгоо нь уушгины хатгалгаа сэжиглэсэн хүүхэд бүрт хийх тогтмол шинжилгээ биш
  • Уушгины хатгалгаа оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, хөнгөн хэлбэрээр өвдөн, гэрээр эмчлэгдэж байгаа тохиолдолд рентген зураг шаардлагагүй
  • Архаг суурь өвчин, эрхтэн тогтолцооны эмгэггүй, өмнө нь эрүүл өсөн бойжиж байгаад уушгины хатгалгаагаар эмчлэгдэж байгаа хүүхэд эмчилгээнд эерэг үр дүн үзүүлж, эмнэлзүйн шинж тэмдэг багассан тохиолдолд давтан цээжний зураг авахуулахыг зөвлөхгүй.
  • Коронавируст халдварын дэгдэлт өндөр байгаа энэ үед халдвар батлагдсан эсвэл сэжигтэй хүүхэд бүрт толгой дарааллан рентген зураг авахуулах шаардлагатай юу?


Дэлхийн олон улс оронд Коронавируст халдварын үед хүүхдэд цээжний дүрс оношилгооны шинжилгээг хэзээ хийх талаар олон төрлийн удирдамж гаргасан. Европын Хүүхдийн Дүрс Оношилгооны нийгэмлэгээс (ESPR) 2020 оны 7 сард Педиатр.Радиологи (Pediatr.radiology) сэтгүүлд хэвлэгдсэн удирдамжид дэлхийн ихэнх улс орнууд нэгдсэн нэг чиглэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ нь:

  • ДЭМБ-ын эмнэлзүйн удирдамжийн дагуу Коронавируст халдвар оношлогдсон хөнгөн эсвэл шинж тэмдэггүй хүүхдэд цээжний рентген зураг шаардлагагүй.
  • Эрхтэн тогтолцооны архаг суурь өвчтэй (зүрхний төрөлхийн гажиг, удаан хугацааны амьсгалын замын эмгэгүүд, өвчин эсвэл тодорхой эмчилгээний улмаас дархлаа тогтолцооны дутмагшилтай, бөөрний архаг өвчин гэх мэт) тохиолдолд мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, хүнд хэлбэрийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа хүүхдэд цээжний рентген зураг авахуулахыг зөвлөж байна.
  • Эмнэлэгт хэвтэн, эмчилгээг эхлүүлснээс хойш 3 өдрийн дараа рентген зургийг давтан харж болно.
  • Хэрвээ та Коронавируст халдвар, уушгины хатгалгаа, оношилгоо, эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байвал өөрт ойрхон хүүхдийн эмчдээ хандана уу.


Эх сурвалж:

  1. Indications for Paediatric Chest X-rays (UK, NHS)
  2. Management strategies for children with COVID-19: ESPR practical recommendations

Хүүхдийн эмч
О.Тунгалаг